Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын ач холбогдлыг таниулах ажлын хүрээнд “Үндэсний номын баяр”-аар зочилж буй уншигчдад мэдээлэл өглөө.
Тодруулбал, 34 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-ын үеэр уншигчдад Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа болон гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч, танилцуулав. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн хэмээн үзэж буй иргэдийн гомдлыг хүлээн авч, тухайн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн алдаа гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргах билээ. Ингэснээр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн ёс зүйгээ дагаж мөрдөх, хариуцлагатай байхад нь тусалдаг. Улмаар иргэдийн бодит мэдээлэл хүлээн авах эрхийг хангахад хувь нэмэр оруулж байгаа юм.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд ХМЗ нь иргэд, хуулийн этгээдээс 543 гомдол хүлээн авч Ёс зүйн хороодын хурлаараа хэлэлцэн шийдээд байна. Хорооны шийдвэртэй https://www.mediacouncil.mn/as/shiidver холбоосоор орж танилцана уу.