Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулдаг редакцын ээлжит уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайтад боллоо.
Уулзалтад тус байгууллагын сэтгүүлч, редактор, гэрэл зурагчид оролцсон юм. Мөн ХМЗ-өөс гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, төслийн зохицуулагч А.Амартүвшин нарын төлөөлөл байв.
Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нь Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт болон өргөдөл, гомдлын дүн шинжилгээний дүнгээс танилцууллаа. Тухайлбал, ХМЗ нь 2015 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын дагуу өргөдөл, гомдол хүлээн авсан юм. Өнөөдрийг хүртэл хугацаанд 500 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлээд байна. Үүнээс “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” буюу 1.1 дүгээр зарчмыг зөрчих нь түгээмэл байдаг тухай хэллээ.
Тус мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Д.Чанцалдулам “Манай сайтад дандаа залуучууд ажилладаг. Дөнгөж их сургуулиа төгсөж байгаа залуу сэтгүүлч, их сургуулийн оюутнууд ажилладаг учраас харьцангуй залуу редакц гэж хэлж болно. Гэсэн ч бид мэргэжлийн редакц байхын тулд сэтгүүлчийн ёс зүйн хийгээд бусад дүрэм, журмыг баримтлан ажиллахыг хичээдэг. Бидний гол зорилго ч, редакцын бодлого ч энэ санаан дээр огтлолцож байдаг. ХМЗ-өөс манай сэтгүүлчидтэй уулзалт хийж, үйл ажиллагаа болон гол зорилго, зорилт, ямар боломжууд байдаг талаар танилцуулсанд их баяртай байна. Сэтгүүлч бидний хувьд энэ уулзалтаар ХМЗ-ийн үйл ажиллагаа болон хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар мэдээлэл сонссон чухал уулзалт боллоо. Түүнчлэн сэтгүүлчийн ёс зүйн дүрмийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, дахин нэг санах, эргэцүүлэн бодох, алдаа гаргахгүй байх анхааруулга өгсөн уулзалт болсон гэж бодож байна. Редакцууд ХМЗ-тэй хамтарч ажилласнаар сэтгүүлчид заавал хуулийн зохицуулалтаар асуудлыг шийдүүлэхгүй байх боломжтой гэж харлаа. Бидэнд өөрийн зохицуулалт гэдэг зүйл чухал бөгөөд шаардлагатай зүйл юм байна. Үүнийг би гэлтгүй манай залуу сэтгүүлчид ойлгосон нь сайшаалтай, алсдаа чухал хэрэгтэй гэж бодож байна. Мөн алдаа гаргахаас айх хэрэггүй, харин алдаагаа засаад урагшлах нь, дахиад алдахгүй байх нь чухал гэдгийг энэ уулзалтаас баталж ойлголоо” гэлээ.
Эргэлт.мн мэдээллийн сайт 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан залуу редакцуудын нэг билээ. Богино хугацаанд тус редакцын хамт олон сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “Эргэлтийн номын сан” цуврал 10 ном, “Эргэлт” сэтгүүлийн 2 дугаарыг амжилттай гаргасан. Мөн энэ онд 3 дахь жилийнхээ босгон дээр 40 нүүртэй “Эргэлт” сонинг хэвлүүлжээ. Тус мэдээллийн сайтын хамт олон нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19 ба Монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын анхны “Балдорж” шагналт редакц болсон билээ. Түүнчлэн тус сайтын хамт олон нь 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналыг хүртсэн юм.