ХБНГУ-ЫН ХЭВЛЭЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУРШЛАГААС

ХБНГУ-ЫН ХЭВЛЭЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУРШЛАГААС

Төр өөрт байгаа эрх мэдлээ байнга ашиглахыг эрмэлзэж байдаг. Иймд төр засагт хяналт тавьж байх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өөрсдийнхөө мэргэжлийн эрх ашгийг хамгаалж, сайн дурын үндсэн дээр хэвлэлийн эрх чөлөөгөө хангах үүднээс эвлэлдэн нэгдэж Хэвлэлийн зөвлөл байгуулдаг туршлага олон оронд бий. ХБНГУ-ын Сэтгүүлчдийн хоёр ч Үйлдвэрчний эвлэл, Сэтгүүлчдийн холбоо, Хэвлэн нийтлэгчдийн холбоо хамтран одоогоос 57 жилийн өмнө /1956.11.20/ Хэвлэлийн зөвлөлөө /Pressarat/ байгуулжээ. Хэвлэлийн зөвлөл нь:
-    Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, бэхжүүлэх
-    Хэвлэлийн ёс зүйг сахиулах
-    Хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд, хариуцлагыг өргөх
-    Сэтгүүлзүйн мэргэжлийн хэм хэмжээг ил тод байлгах, таниулан сурталчлах
-    Иргэд олон нийтээс хэвлэл мэдээллийн байгууллагад гаргасан гомдлыг барагдуулах гол зорилготой мэргэжлийн, сайн дурын байгууллага юм.

Хэвлэлийн зөвлөлийн үндсэн зорилго нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авч хэлэлцээд  хамтын шийдвэр гаргахад оршдог. Герман улсын ямар ч иргэн, байгууллага хэвлэл мэдээллийн ёс зүйн талаар Хэвлэлийн зөвлөлд хандан үнэ төлбөргүйгээр гомдол гаргах эрхтэй байдаг байна. Германы Хэвлэлийн зөвлөл нь бүтцийн хувьд 28 хүнтэй Бага хурал, Санал гомдлын 3-н хороо, орон тооны 8 ажилтантай ажлын албатай. Энэхүү ажлын албаны ажилтнуудын тал нь сэтгүүлч, тал нь хуульж мэргэжилтэй. Санал гомдлын хорооны гишүүд нь орон тооны бус бөгөөд цалин хангамж авдаггүй, сайн дурын үндсэн дээр ажилладаг.

Германы Хэвлэлийн зөвлөлийн жилийн төсөв нь 750 мянган евро байдгаас 200 мянгыг нь төрөөс өгдөг. Ингэхдээ төр хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс, нөгөө талаас Хэвлэлийн зөвлөл нь шүүх, прокурорын маш олон ажлыг хөнгөвчилдэг гэдэг утгаар ямар нэгэн болзол тулгадаггүй байна.

Германы сэтгүүлчид өөрсдийн баримтлах ёс зүйн зарчим /код/-аа 40-н жилийн өмнө боловсруулжээ. Ёс зүйн зарчмаа олон жилийн өмнө баталсан ч нийгмийн өөрчлөлт, техник, технологийн хөгжлийг харгалзан тодорхой өөрчлөлт оруулдаг байна. Одоо 16 зарчим бүхий Ёс зүйн дүрмийг Германы сэтгүүлчид мөрдөж байна. Хэвлэлийн зөвлөлтэй хэвлэн нийтлэгчдийн 90  гаруй хувь нь Ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллана гэсэн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж баталгаажуулдаг аж. /Германы сэтгүүлчдийн Ёс зүйн кодын 16 дугаарт “Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө”/. Ер нь хэвлэл мэдээллийн олон байгууллага ёс зүйн зарчим, Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг баримтлахаас татгалзвал энэ нь өөрийн зохицуулалтын зарчмыг сааруулж, төрийн зүгээс нөлөөлөх шалтаг олгохоос гадна мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн өгч байгаа мэдээлэл, түүний чанарт итгэх итгэлийг сулруулдаг гэж үздэг байна. Германы Хэвлэлийн зөвлөлд жилд 1500 гаруй санал гомдол иргэд, байгууллагаас ирдэг бөгөөд тус зөвлөлийн Санал гомдлын хороо нь жилд 4 удаа хуралдаж санал, гомдлыг шийдвэрлэдэг аж. Ингэхдээ дараах шатны арга хэмжээг авдаг:нэр 
1.    Зөвлөх  /Ноцтой үр дагаваргүй гэж үзсэн мэргэжлийн техникийн алдаанд/
2.    Буруушаах /Үнэн бодитой бус мэдээ, мэдээлэл түгээсэн, ноцтой алдаанд/
3.    Зэмлэх /Сануулга авсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруугаа хүлээн, өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хэвлэлийн зөвлөлөөс гаргасан зэмлэлийг нийтэд зарлах үүрэгтэй. Зөвхөн онцгой тохиолдолд, тухайлбал тухайн нийтлэлд нэр нь дурьдагсдан хохирогчийг хамгаалах үүднээс Хэвлэлийн зөвлөлийн зэмлэлийг нийтлэхгүй байж болно./

Германы Хэвлэлийн зөвлөл нь ёс зүйн алдаа гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгөн торгууль оноодоггүй бөгөөд харин ямар шийтгэл оноосноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг байна. Энэ нь сэтгүүлчдийн ёс зүйн талаар нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж буйн нэг хэлбэр юм.

Германы Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүл зүйн зарчмыг зөрчсөн тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл тодорхой нийтлэл, мэдээ, нэвтрүүлэгт хаягласан иргэд, байгууллагын гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ зөвхөн сэтгүүл зүйн ёс зүйн дүрмийн дагуу авч үзэж шийдвэрлэдэг байна.

ХБНГУ-ын хэмжээгээр 10-д сонинд л омбудсмен ажилладаг байна. Уншигч, үзэгч, сонсогчдоос ирүүлсэн санал гомдол, шүүмжлэлийг хүлээн авч хоёр талын хоорондох зөрчилдөөнийг зохицуулах үүрэгтэй омбудсменийг Германы Хэвлэлийн зөвлөл нь дэмжин ажилладаг аж.

1999 онд Германы Хэвлэлийн зөвлөл Европын бусад орны Хэвлэлийн зөвлөл хамтран Лондон хотноо “Европын хараат бус хэвлэлийн зөвлөлийн холбоо” (AIPCEВ) –г байгуулжээ. “Alliance of Independent Press Councils of Europe –” Хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах, баталгаажуулах зорилготой энэхүү холбоо нь жилд нэг удаа цуглан, тухайн жилд гарсан дуулиан шуугиантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар  хэлэлцэхээс гадна харилцан туршлага судалдаг байна. Сүүлийн жилүүдэд Зүүн болон Төв Европын улс оронд Хэвлэлийн зөвлөл шинээр байгуулагдаж байна. Тухайлбал 2000 онд Босни Герцеговинд, 2005 онд Болгар улсад Хэвлэлийн консул байгуулагджээ.

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэлийн өөрийн зохицуулалт, хариуцлагатай, чанартай сэтгүүл зүйг дэмжихийн тулд Европын улс орнууд янз бүрийн арга механизм хэрэглэж байна. Тухайлбал, Австри улсын хэвлэлийн өөрийн зохицуулалтын шинэ загварт, иргэн нь Хэвлэлийн зөвлөлд гаргасан гомдлоо шүүхэд дахин нэхэмжлэхгүй гэж гарын үсэг зурж баталгаажуулдаг байхаар зохицуулсан бол Иреландад сэтгүүлчтэй холбоотой гомдлыг шүүх хүлээж аваад Хэвлэлийн зөвлөлийн гишүүн эсэхийг тодруулдаг байна. Хэрэв Хэвлэлийн зөвлөлийн гишүүн бол шийтгэл нь арай хөнгөн байдаг байна. Өөрөөр хэлбэл нь энэ нь хэвлэлийн өөрийн зохицуулалтыг дэмжиж буй нэг хэлбэр аж.

Тухайн улсын нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах хэвлэлийн өөрийн зохицуулалтын механизм байхаас гадна  байгууллагын түвшинд хэвлэлийн дотоод эрх чөлөө, редакцийн хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах асуудлыг ХБНГУ-д Редакцийн зөвлөл, Хамт олны зөвлөл /Захиргааны зөвлөл/, Үйлдвэрчний эвлэл гэх мэт бүтцээр зохицуулж өгчээ.

ХБНГУ-ын Хөдөлмөрийн тухай багц хуулийн хүрээнд байгууллагууд Хамт олны зөвлөл байгуулахыг зааж өгсөн байна. Энэхүү Хамт олны зөвлөл нь байгууллагын дотоод тулгамдсан асуудлыг шийдэхэд ажилтнуудын оролцоог хангах, байгууллагын дотоод ардчиллыг бэхжүүлэх чухал хэрэгсэл болдог аж. Нөгөө талаас Хамт олны зөвлөл нь ажил олгогч, эзэмшигч, зар сурталчилгааны орлого оруулдаг томоохон компаниудын нөлөөллийг саармагжуулж байдаг. 4 жил тутам Хамт олны зөвлөлийн сонгууль явагддаг бөгөөд хуулийн дагуу 100 хүртэл ажилтантай байгууллага 5, 200 болон түүнээс дээш ажилтантай байгууллага 9 гишүүнийг уг зөвлөлд сонгоно. Тус зөвлөлийн даргыг ажил олгогч цалинжуулах үүрэгтэй ч үйл ажиллагаанд нь нөлөөлөх эрхгүй. Хамт олны зөвлөлийн дарга нь орон тооных байдаг бол   харин зөвлөлийн гишүүд нь орон тооны бус. Хамт олны зөвлөлд тухайн байгууллагын ажилтны эрх ашгийг хамгаалах сонирхолтой хэн ч орж болох бөгөөд зөвхөн ажилтнуудын төлөөлөл сонгогддог байна. Тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, редакцийн шинэ бүтэц, бүрэлдэхүүн бий болгох, ажилтан шинээр авах гэх мэт тохиолдолд ажил олгогч Хамт олны зөвлөлд даруй мэдэгддэг.

Хамт олны зөвлөлөөс гадна Редакцийн зөвлөлийг тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, нэвтрүүлгийн агуулгатай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор байгуулдаг.  ХБНГУ-ын хувийн болон олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн аль ч байгууллагад Редакцийн зөвлөл бий. Тухайлбал олон нийтийн DW радио телевизийн Редакцийн зөвлөлийн гишүүн нь 3-н жилээр сонгогддог байна.
1960- аад онд ХБНГУ-ын хэвлэл мэдээллиийн байгууллагууд Редакцийн дүрмээ боловсруулан мөрдөж эхэлжээ. Энэхүү дүрмээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшигч редакцийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж заасан байдаг байна.
 Европын 14 орны 2000 сэтгүүлчийн дунд хэрэгжүүлсэн судалгааны дүнгээс харвал юун түрүүнд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, удаад нь сэтгүүлч бэлтгэх үйл явц, боловсролын тогтолцоо, гуравт Редакцийн дүрэм нь хэвлэл мэдээллийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй гэж үзжээ. Үүнээс харвал сэтгүүлчийн гал тогоо болох редакц, Редакцийн зөвлөл, Редакцийн дүрэм нь тухайн сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, зөвлөх, хараат бус ажиллах гол нөхцөл болдог гэж дүгнэж болно.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, сонсогч, үзэгчдийн итгэлийг хүлээх, сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй байх нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулна гэсэн үзэл баримтлал Германы нийгэмд тогтсон хэдий ч хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал гэдэг байнга анхаарал шаардаж байдаг гэдгийг тус орны сэтгүүлч, судлаачид онцолж байлаа.

Т.Батзориг http://mnb.mn/p/11941
2013.11.18    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.