ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын удирдлага, хамт олонд 30 жилийн баярын мэнд дэвшүүлье!
Ойн баярыг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс урт хугацааны үр дүнтэй хамтын ажиллагаандаа талархал илэрхийлж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2013-2014 онд Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог бий болгох, түүнийг хэрэгжүүлэгч институтыг үүсгэн байгуулах үйл явц ид өрнөж байв. Энэхүү үйл явцыг ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын удирдлага, хамт олон соргогоор мэдэрч, ардчиллын суурь зарчим болсон чөлөөт хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын онцлог, мөн чанар, эрхэм зорилгыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн.
Энэ хүрээнд хэвлэлийн өөрийн зохицуулалтын тогтолцоог үүсгэн байгуулах, хөгжүүлэх, төлөвшүүлэх бүхий л үе шатад сэтгүүл зүйн ёс зүйн стандартыг хөгжүүлэх, өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх чиглэлээр Европын жишиг туршлагаас суралцах, мэргэжил арга зүй болон техникийн дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжиж ирсэнд ХМЗ-ийн хамт олон чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Тус сангийн дэмжлэгтэйгээр ХМЗ-өөс Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг 2017 онд анх удаа зохион байгуулж байсан бол өдгөө таван удаагийн форумыг амжилттай зохион байгуулсан байна. Тус форум нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан өргөн олноороо цуглардаг, салбарынхаа тулгамдсан асуудлыг хэлэлцдэг, бодлогын түвшинд гарц шийдэл хайдаг, санал болгодог талбар болжээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарын бодлогын асуудлаар цуврал дугуй ширээний ярилцлагыг хагас жил тутамд зохион байгуулж, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, гүтгэлэг, доромжлол, нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт, үзэн ядах үг хэллэг, хэвлэл мэдээлэл ба геополитик зэрэг цаг үеийн чухал сэдвүүдийг хөндөж, салбар хоорондын мэдлэг, мэдээллийн солилцоог дэмжиж ирлээ. Бидний хамтын ажиллагаа өргөжсөний нэг илрэл нь өнгөрсөн 12 дугаар сард Бельгийн нийслэл Брюссель хотод болсон “Ардчиллын тулгуур багана: хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх нь” дугуй ширээний ярилцлагыг Бельги дэх ФЭС-гийн дэмжлэгтэй зохион байгууллаа.
Энэ бүх үйл явцыг дэмжиж ирсэнээрээ ФЭС нь Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог үүсгэн бий болох, төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлогын үнэ цэнтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Та бүхэнд Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, нийгмийн хариуцлагыг ханган бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэрт талархаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!