Монголд мэргэжлийн редакцууд хэрхэн ажилладаг, аж төрдөг бол. Тэд үзэгч, уншигчдын итгэлийг олж авах, тэр үнэ цэнийг алдахгүйн тулд яаж хичээж, “шатаж” бас унаж, босож явдгийг бага ч болов таниулахын тулд “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Редакцын буухиа” хамтарсан контент эхлүүлж байна.
Та долоо хоног бүр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажилладаг, таны унших, үзэх, сонсох дуртай сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг талаарх контентыг хүлээн авна уу.
Өмнө нь та бүхэнд Эгүүр.мн сайт, “Шинэ өсөлт” сэтгүүлийг танилцуулсан бол энэ удаад Peak.mn сайтын хамт олны бусдаас ялгарах онцлог, эрхэм зорилго, үнэт зүйлийг сонирхуулъя.
Хүүхдийнхээ учрыг олоход туслах “Уурлах уу, учирлах уу”
Оргил гэсэн утгатай Peak.mn сайтын редакциар зочиллоо. Нэг их яарч, адгахгүй нягт нямбай ажилладаг залуус, үйл ажиллагаа нь хэдийнэ жигдэрч чамбайрсан, халуун дулаан уур амьсгалтай редакц биднийг угтав. Peak.mn анх 2017 онд үүсгэн байгуулагдсан. Өдөр тутмын мэдээллийн сайтуудтай адил жишгээр үйл ажиллагаагаа эхэлсэн ч, 2020 оноос төрөлжсөн мэдээллийн сайт болон шинэчлэгджээ.
Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжигч, хүний эрх, боловсрол, жендэр, байгаль орчин, инноваци зэрэг тогтвортой хөгжлийн 17 зорилгод хамаарах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН, хувь хүнийг үргэлж дэмжин, хамтран ажиллаж эхэлсэн байна. Тогтвортой хөгжил гэсэн том сэдэв ч үнэндээ хүн болгонд хамаатай зүйл. Үүнийг хүмүүст энгийнээр ойлгуулах шинэ суваг болох зорилгыг тэд өмнөө тавьжээ. Ингэхдээ боловсрол, жендэрийн сэдэвт контентуудыг голчлон бүтээж эхэлсэн байна.
Peak.mn-ээс зохион байгуулдаг "Уурлах уу, учирлах уу" эвентийн үеэр
Эднийх зорилтот мэдээ мэдээллийг хүргэдэг үндсэн 10 булантай. Онцлох булан нь “Уурлахуй, учирлахуй”. Энэ нь эцэг эхчүүдэд зориулсан контентууд нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл судлалын цогц мэдээллийг авч болох булан юм. Боловсролын байгууллага, сэтгэл судлалын төвүүдтэй хамтран бэлтгэдэг бөгөөд мэргэжлийн хүмүүсийг зочноор урьж ярилцлагад суурилсан контент үйлдвэрлэдэг.
Бид бүхний мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй, чаддаг юм шиг хэр нь чаддаггүй, ойлголцож болмоор юм шиг ч болж өгдөггүй зүйл бол харилцаа, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд. Энэ бүх сэдвээр ярилцахаар тусгайлан зочин урина. Зочин нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг ярихад энэ талын мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй эцэг эхчүүдэд тодорхой хэмжээгээр хүрч үзэгч, уншигчид эргээд зочинтой уулзах, ганцаарчилж зөвлөгөө авах хүсэлтүүд ч редакцид ирдэг байна. Сайн контент гэж магадгүй үүнийг л хэлэх биз ээ. Эцэг, эхчүүд зочинтой уулзаж ярилцах, зөвлөгөө авах арга хэмжээг улиралд нэг удаа зохион байгуулж, тухайн сэдвийн хүрээнд халуун дулаан яриа өрнүүлдэг байна. Хуучныхаар бол уншигч, редакцийн уулзалт гэсэн үг.
Дараагийн нэг чухал булан бол “Миний 17”. Энэ булангаар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буй хүмүүсийн эерэг сайн туршлагуудыг түгээдэг. Сүүлийн үед “Тогтвортой хөгжил” гэдэг үг тренд болж, дэлхийн улс орнууд, томоохон групп компаниуд эрүүл мэнд, чанартай боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зэрэг байгаль орчин, нийгэмд ээлтэй байхад дуу хоолойгоо нэгтгэн, үйл ажиллагааныхаа чиглэлд эдгээрийг тусгахын төлөө хичээж байна. Энэ бүхний цаана бидний уух ус, амьсгалах агаар, амьдрах дэлхийн амар тайван, эрүүл орчны асуудал тавигдаж байдаг тул Peak.mn-ийн хамт олон дөрөв дэх засаглалын үүргээ “Миний 17” булангаараа дамжуулан гүйцэтгэж байна. Энэ булангаар редакцийн зүгээс гэр бүл, хүүхэд, хөгжил, боловсролд анхаарал хандуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллахыг зорьдог. Мөн “Эрүүл мэнд”-ийн булангаар мэргэжлийн эмч нартай ярилцаж, иргэдэд энэ л хэрэгтэй дээ гэсэн зөвлөгөө болохуйц асуултуудыг хариултыг хүргэхийг хичээдэг хэмээн ярив.
Хурд уу, үнэ цэнтэй чанартай контент уу
Редакцид байнга ажилладаг үндсэн таван сэтгүүлч, зураглаачтай. Харин санхүү болоод IT-ийн хүмүүс зайнаас ажилладаг. Хуучнаар бол хэвлэл мэдээллийн байгууллагууд том бүтэц бүхий редакцитай, хүний хүчээр “зодож” ажилладаг байсан хэлбэрийг энд халжээ. Улс, эх оронд яаралтай, чухал, онцгой үйл явдал өрнөвөл мэдээж сурвалжилна. Ихэнхдээ төвлөвлөгөөний дагуу цомхон бүтцээр чанартай контент бэлтгэхэд анхаарал хандуулан нягт нямбай ажиллахыг хичээдэг байна.
Тэд видео контент хийхдээ 1:30-2:00 цагийн ярилцлагаас 3-5 минутын час хийсэн бүтээл гаргадаг
Peak.mn сайтын бас нэг онцлог нь видео контент голлодог хэр нь огт лайв /шууд дамжуулалт/ хийдэггүй. Хүнд хэрэгцээтэй, хөдөлмөр шингээсэн, үнэ цэнэтэй контент бэлтгэж чадвал хүн уншдаг, үздэг гэдгийг тус сайтын 210 мянган дагагч батлан харуулж байна. Тэд анхнаасаа л шууд дамжуулалт хийхгүй байхаар шийджээ. Хүмүүс залхуу гэхээсээ илүү завгүй болсон нийгэмд бид ажиллаж амьдарч байна. Тиймээс цаг хэмнэх үүднээс зочноо гол зүйлээс нь яриулсан байдлаар контентоо бүтээдэг. Ингэхдээ мэнд мэдэх, танилцуулга, сул яриа гэх мэт зүйлийг хасдаг. Нэг видео контент бэлтгэхийн тулд зураг авалтаас эхлээд нийтлэх хүртэл 18 цаг зарцуулдаг гэлээ. Үүнээс гадна утсаар ярьж, зочноо олох, уулзалт товлох, ойлголтоо нэгтгэх гэх мэтэд олон цаг зарцуулдаг аж. Сэтгүүлчийн хөдөлмөр шингээхийн тулд яалт ч үгүй ажиллагаа, цаг ордог. Тухайн хүний ярих сэдэв, илэрхийлэх гэсэн санааг сэтгүүлч ойлгож байж олон нийтэд дамжуулан хүргэнэ. Ингээд видео контентоо 3-5 минутанд багтаахыг эрмэлздэг байна. Цагтаа харам үзэгчдээ хүндэлэж, нийтдээ 1:30-2:00 цагийн хэмжээтэй дүрсийг ингэж богиносгож эцсийн бүтээгдэхүүн болгодог аж. Алтаар бол шижрийг нь тунгаана гэсэн үг. Өнгөц харахад орчин үеийн завгүй хүмүүс видео контентыг түлхүү үздэг гэдэг ойлголт түгээмэл. Гэвч сайтар нягталбал цаг гаргаж, ус тосыг нь сайтар шахсан бичвэрийг ч маш сайн уншдаг болсныг ч тэд анзаарчээ.
Тэд одоо 1-2 шинэ контент туршиж үзэж байгаа аж. Сэдвийн сурвалжлагыг 4-5 минутанд багтаан хүргэж байна. Ингэхдээ ганцхан эх сурвалжийн үгээр биш 3-4 эх сурвалжаар баталгаажуулна. Голд нь сэтгүүлч холбоно, энэ нь лайваас өөр байх бөгөөд редакцийн бодлогоор сэтгүүлч гол дүрд тоглохыг зөвшөөрөхгүй гэдэг үзэл баримтлалтай аж. Уншигчдын дийлэнх нь нийслэлд байдаг ч Завхан, Эрдэнэт, Дарханд бий тул үүний дагуу орон нутагт томилолтоор ажиллан сурвалжлага, нийтлэл ч бэлтгэдэг байна. Тухайлбал редакцийнхаа санхүүжилтээр Увс аймгийн Хяргас нуураас сурвалжлага бэлтгэж байжээ. Тэнд хогны асуудлыг огт шийдвэрлээгүй, нөхцөл хүнд байгаа асуудлыг хөндөхөд үзэгчид “онц” дүн тавьжээ. “Манай сурвалжлагын дараа Хяргас нуурт хог шатаах зуухтай болсон байна билээ” хэмээн тус редакцын сэтгүүлч Б.Мөнхчимэг онцлов. Тэрбээр, хүмүүс хайнга юм шиг хэр нь аливаа зүйлийг маш сайн анзаарч байдаг. Ялангуяа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал руу анхаарал хандуулж, энэ сэдвээр бэлтгэсэн контентыг сонирхдог тухай өгүүлэв. Тиймээс ч контент бүрээ чанартай сайн хийхийг чухалчилдаг байна.
Мөн олон нийт элдэв шуугиан, улс төрийн мэдээлэл гэхээсээ илүү хүнд хэрэгтэй мэдээллийг үзэх сонирхолтой болсон нь тэдний сайтын хандалтаас анзаарагдана. Үүний нэг жишээ нь хичээлийн шинэ жилд зориулан бэлтгэсэн “Хүүхдийг албадаж даалгавар хийлгэвэл ямар уршигтай вэ” гэсэн агуулгатай контентод хүмүүст хүрч чаджээ. Тиймээс зөв зүйлийг хийж чадвал үзэх, хүлээж авах хэсэг аль хэдийнэ бий болчихсон. Эсвэл байсныг нь бид анзаараагүй, “Хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслийг уншихаа, үзэхээ больсон” гэх хэт их хөөсөн дунд хөвж явсан ч байж магад.
Peak.mn-ийн философи
Сэтгүүлч хүмүүс өдөр тутмын мэдээ, сурвалжлагадаа дарагдаж түүртсэн, өглөө оройгүй ийш тийш гүйж сандачсан, ямар ч завгүй хүн байх албагүй. Боломж нь байвал ажлаа хийнгээ хөгжиж дэвжих, сурч боловсрох эрхтэй. Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор, сэтгүүлч Б.Мөнхчимэг, П.Мөнгөнсор нартайгаа стратегийн зургаан сарын сургалтад цаг заваа зохицуулан хамрагдсан байна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ажлын байрнаас хөндийрөхгүйгээр тасралтгүй хэр нь хурдан суралцдаг болсон. Өмнө нь сэтгүүлч зөвхөн нийтлэл, сурвалжилгаа бичдэг байсан бол одоо зураг авах, видео засвар хийх, сайтын цахим хуудсаа хөгжүүлэх гээд олон ажлыг зэрэг гүйцэтгэх хэрэгцээ шаардлага урган гарч иржээ. Энэ бүхнийг удирдлагын зүгээс соргогоор анзаарч сэтгүүлч, уран бүтээлчдээ Хэвлэлийн зөвлөл, сэтгүүлчдийн төрөлжсөн клубуудын сургалтад хамруулдаг, ажлын байран дээрээ хамтран гүйцэтгэдэг, харилцан суралцдаг болгож хэвшүүлжээ.
Төрөлжсөн мэдээллийн сайт учраас бусад мэдээллийн сайтуудаа өрсөлдөгч гэж хардаггүй. Хамтын ажиллагаандаа баримталдаг зарчим нь аливаа хамтран ажиллах саналд хянамгай хандаж, улстөрчдийн материалыг авч тавьдаггүй. Зөвхөн ашиг сонирхлын зөрчилгүй тогтвортой хөгжлийн зорилтын төлөө зорилго нэгтэй байгууллагуудтай хамтран ажилладаг. Үндсэн контентын төлбөрийг гурав дахин нугалж төлдөг жишиг байдаг ч Peak.mn улстөрчдийн хамтран ажиллах саналд “Уучлаарай” гэсэн хариу өгдөг. Тус сайтаар иймэрхүү төрлийн мэдээлэл, улстөрчдийн пи ар яваад ямар ч ашиггүй, ямар ч хандалт авахгүй, уншигчид нь иймэрхүү төрлийн мэдээлэл хүлээж авахгүй гэдгийг хэлээд орхидог байна. Харин зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллахад хаалга үргэлж нээлттэй.
Том редакцийн сэтгүүлч, уран бүтээлчид маш завгүй, дандаа цаг үе, үйл явдлын дарамтан дунд хурдтай ажилладаг. Өглөө шуурхай хийлээ. Өдрийн төлөвлөгөө ярилаа. Мэдээ, сурвалжлагандаа явлаа. Өдөртөө амжиж нийтлэл сурвалжлагаа гаргалаа. Энэ мэтчилэн цаг хугацааны хүрд өчүүхэн ч зогсох завгүй эргэсээр байдаг. Үүн дотор сэтгүүлч дагаж эргэлдсээр байдаг ч заримдаа сэдвийн гүн лүү орж ойлгож орж чаддаггүй. Үүнийг уншигч, үзэгчид ч мэддэг болсон. Дуулиан шуугиантай үйл явдал дээр олноороо очиж, нэг сэдвээс ижил мэдээ, сурвалжлага гаргалаа, үүнд хүнд хэрэгтэй зүйл алга гэж шүүмжлүүлдэг болчихсон. Ингээд цааш яваад байвал ямар ч үр дүнгүй. Тиймээс редакциуд төрөлжих хэрэгтэй. Нэг л зүйлийг бүх сувгаар гаргаад байвал сүүлдээ үзэгч, уншигчид залхах нь ойлгомжтой. Тэр үед л Peak.mn шиг төрөлжсөн сайтуудын үнэ цэнэ илүү тодорч ялгарна. Өмнө нь сэтгүүл зүйн бүтээлүүд найман настай балчраас наян настай бууралд ойлгомжтой байх ёстой юм шиг ярьдаг, явдаг байсан үе бий. Харин одоо төрөлжсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уншигчид, үзэгчдээ буюу зорилтот бүлгээ тодорхойлдог болжээ.
Тайваниас шүүрдсэн “сувд” хийгээд төгсөөгүй төгсгөл
Азидаа эхний гуравт ордог Тайванийн IT-ийн үзэсгэлэнг тус сайт өнгөрсөн зун багаараа очиж сурвалжилжээ. Ихэнх нь Азийн сэтгүүлчид очсон уг үзэсгэлэнгийн үеэр Peak-ийн баг олон улсын сэтгүүлчид бүр нарийн төрөлжсөнийг анзаарчээ. Технологи дотроо зөвхөн гар утас бичдэг, зөвхөн компьютерийн процессын талаар л мэдээлэл бэлтгэдэг гэх мэтээр маш нарийн төрөлжсөн байжээ. Өөр нэг зүйл нь сэтгүүлчид минималь байдлаар ажиллаад сурчихжээ. Ерөнхийдөө нэг жижиг камертай. Эсвэл утсаар бүх зүйлээ хийчихэж байна гэнэ шүү, “айлын хүүхдүүд”. Танхимын доошоо үзэсгэлэн рүү орж, хүмүүстэй уулзаж асуух зүйлээ асуугаад л дээшээ хэвлэлийн төв рүүгээ гарч ирээд авсан яриа, сурвалжлагаа засварлаад л хийгээд байдаг. Өөртөө төвөггүйгээр контент бүтээгээд сурчихсан байгааг анзаарчээ. Гэхдээ контентоо маш сайн төрөлжүүлэн хийж чаддаг. Бас нэг олзуурхууштай зүйл нь томоохон компаниуд тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодлогоор дэмжин зөвхөн далайн хог хаягдлаас гаргаж авсан нөүтбүүкний цуврал гаргасан байхыг ч үзэж, баясаж. Энэ мэтээр их зүйлийг харж мэдрэхэд, ялангуяа технологийн компаниуд тогтвортой хөгжил талдаа манлайлж байгаа нь урамтай байсан аж. Энэ нь манай улсад нэвтрэхэд цаг хугацааны асуудал гэдэгт залуус итгэлтэй байна. Гадаад ертөнцөөс буюу Тайваниас шүүрдэж ирсэн тэдний “сувд” ийм.
Peak.mn-д оюутан байхаасаа өөриймссөн сэтгүүлч Б.Мөнхчимэг
Харин тэд өөрсдөө гадаад мэдээ бэлтгэхдээ дүрэм ёсоор тогтвортой хөгжлийн сэдвийн дагуу бэлтгэнэ. Долоо хоногтоо нэг нийтлэл юм уу төрөлжсөн сэдэвтэй холбоотой мэдээ, үйл явдлын сурвалжлага орно. Сонгогчийн боловсролтой холбоотой биш л бол улс төрийн мэдээ мөн орохгүй гэдэг зарчимтай. Орчуулгаа англи, испани хэлнээс хийдэг. Гадаад мэдээний үзэгчдийн 90 хувь нь Монголоос, долоон хувь нь Солонгосоос, үлдсэн нь монголчуудын очиж амьдарч байгаа улс орнуудаас байдаг аж. Энд тэндхийн гадаад мэдээг зүгээр нэг орчуулан дамжуулах биш хооронд нь маш сайн харьцуулан тоймлох нь завгүй үзэгч, уншигчдын цагийг хэмнэдэг байна. Peak.mn сайтын үүсгэн байгуулагч Ц.Цэрэндолгор “Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих гэдэгт чанартай боловсрол, эрх тэгш байдал гэх мэтээр хамт явдаг сэдвүүд бий. Тиймээс бид саяхан “Мэдрэмжтэй мэдээлье” төсөлтэй хамтран ажилласан. Товчхондоо бол хүний эрхийн л асуудал. Тийм учраас бид бэлтгэж буй контентууддаа хүйсийн харилцааг байнга анхаарч анзаарахыг хичээдэг. Бид эмэгтэй эх сурвалжуудтай их уулздаг юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд эрэгтэй эх сурвалжууд оруулахад анхаардаг болсноор жендэрийн мэдрэмжтэй редакци болсон” гэв.
Мөн шүүмжлэхээсээ илүү нэг алхам хийх хэрэгтэй гэж үзээд “Би нэг удаа” булангаа нээсэн бөгөөд эхний контентыг сошиал суваг дээр нь хоёр сая гаруй хүн үзжээ. Анхнаасаа дуулиан шуугиантай мэдээллийн араас хөөцөлдөж хандалт авдаггүй Peak.mn сайтын хувьд энэ тоо бол “хөөс” биш. 200 гаруй мянган дагагчтай тус сайт хандалт авах гэж биш хүнд хэрэгтэй, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн нийтлэл контент бэлтгэдэг. Ингэснээр бусад мэдээллийн сайтуудаас ялгардаг байна.Тэдний үнэ цэнийг тодруулан нэгэн олон улсын байгууллагаас “Нийтийн эрх ашгийн төлөөх мэдээлэл бэлтгэдэг 25 байгууллага”-ын нэгээр шалгаруулжээ.
Уул уулын оргил ондоо байдаг шиг хэвлэл мэдээллийн байгууллагуудын уншигч, үзэгчдийн сонирхол өөр өөр. Тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэрч, мэдрэмжтэйгээр төрөлжсөн сайтуудын нэг нь Peak.mn.
ЭХ СУРВАЛЖ: Agronews.mn