ГАЛЫН ШУГАМЫНХАН БУЮУ ТВ9 ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭНИЙ АЛБАНЫХАН

ГАЛЫН ШУГАМЫНХАН БУЮУ ТВ9 ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭНИЙ АЛБАНЫХАН

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс Монголд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид хэрхэн ажилладаг, дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэхдээ юуг чухалчилдгийг онцлох, үлгэр жишээ болгох зорилгоор “РЕДАКЦЫН БУУХИА” хамтарсан цуврал контент эхлүүлээд буй. Энэ удаагийн буухиагаар Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Монголын телевизийн салбарт 20 жилийн түүх бүтээсэн TВ9 телевизийн Мэдээний албаны хамт олныг онцлон сурвалжиллаа.

 

“Тэр яаралтай гараарай. Тэндээс шууд дамжуулалт хийнэ шүү. Наад эвлүүлэг чинь болохгүй байна. Дахиад сайн бодож байгаад хий. Өдрийн мэдээний хөтөлбөрөөр дандаа шинэ мэдээ түлхэнэ шүү. Бусдаас өөрөөр, сайн бодож төлөвлөж, оновчтой өнцөг гаргаж мэдээгээ бэлтгээрэй. Мэдээнийхээ хоолойг ингэж өргөлт өгч унш, чиний бэлтгэсэн мэдээ бусад сайт, телевизүүдээс ялгарч байна. Сайн байна, баяр хүргэе”  гээд  л ТВ9 телевизийн Мэдээний албаныхан амсхийх завгүй өнжлөө. Ийм л “гал” гарсан завгүйн дундаас Монголын оюун санааны зүг чиг, соён гэгээрэхийн оч, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах урам зориг, итгэлийг Монголын үзэгчид авдаг байх нь ээ. Тийм ээ, тэд бол ТВтелевизийн “галын шугамынхан” буюу Мэдээний албаныхан.

“...Түгжрэлийн мэдээний ярианууд хэтэрхий сунжруу байлаа. Та нар анзаарсан уу. Асуудал хөндсөн өнцгөөр мэдрэмжтэй шүүмжилж ажилласан бол үзэгчдэд сайн хүрэх байсан, цаашид анхаараарай...” гэх яриагаар TВ9 телевизийн Мэдээний албаныхны ажлын өдөр эхэллээ.

 

08:30 цаг

TВ9 телевизийн мэдээний албаны сэтгүүлч, зураглаачид 08:20 цаг гэхэд хэдийнээ ажилдаа ирчихсэн өдөр тутмын сонинуудаас шинэ, сонин мэдээ мэдээлэл уншчихаад, өглөөний шуурхайдаа ороход бэлэн болцгоожээ. Хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа телевизийн салбарт өглөөний шуурхай хамгийн чухал. Шуурхай хэдий чигч, мэдрэмжтэй, ончтой болно тэр өдөр үзэгчдэд хүрэх сурвалжилга, мэдээллүүд төдий чинээ чансаатай, даацтай байна гэсэн үг.

 

 

Тэдний шуурхай өмнөх өдрийнхөө “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан мэдээ мэдээллийн сэдэв, агуулга, санаа бүрэн гарсан хийгээд дутуу дулимаг үлдээсэн өнцөг, эх сурвалж, сайн болсон мэдээллээр эхэлдэг ажээ. Дүрс, дуу, титр гээд хэдхэн секундийн мэдээллийг хэчнээн цагийнх мэт задлан ярьж, “шүүс”-ийг нь шахдаг юм байна. Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд суугаа үзэгчдийг тухайн өдрийн халуун сэдэв, чухал мэдээ мэдээллээр хангадаг энэхүү алба ердөө арван долуулаа. Гэсэн ч ширүүхэн болох юм, хурал нь.

 

Жишээ нь, “Сэтгүүлч М.Уянгын хүний эрхийн асуудлаар хөндсөн ярилцлага сайн болсон. Нэмээд эх сурвалжаар часхийсэн баримт яриулсан бол илүү амьтай болох байлаа. Эх сурвалж “Хүний эрх ядуурал ихтэй газар илүү зөрчигдөж байна” гэж ярьсан нь маш чухал санааг хөндсөн шүү. Үүнийг бодит жишээгээр тайлбарлуулах байсан. Ирэх долоо хоногт Хүүхдийн дотуур байрны асуудлаар бэлтгэж байгаа нэвтрүүлэг дээрээ хүний эрхийн асуудлыг сайтар гаргаарай, Анар аа. Өчигдрийн их түгжрэлийн үеэр автобусанд багтахгүй ч чихэж байсан иргэдийн дүрсийг өнөөдөр мэдээндээ ашиглах хэрэгтэй. Дүрс давтахгүйгээр  дүрс бэлдээрэй, зураглаачдын албаныхан” хэмээн Мэдээний албаны дарга Б.Ариунтуяа сэтгүүлчдэдээ даалгавар өглөө. Ийнхүү өмнөх өдрийн мэдээллийн үр дүнг хэлэлцээд өнөөдөр ямар мэдээлэл бэлтгэж, аль сэдвийг онцлон гаргах, хэн ямар шинэ мэдээ, мэдээлэлтэй ирсэн талаарх яриагаар шуурхай үргэлжлэв.

 

Сэтгүүлч М.Уянга “Хавдрын эмнэлэгт 2024 онд төсөвлөсөн төсөв маш бага байна лээ. 10 тэрбум төгрөгийн төсвийг эмнэлгийн барилгын ажилд зарцуулах гэж тусгасан байна. Гэтэл хавдрын эмнэлэгт засвараас илүүтэй орчин үеийн тоног, төхөөрөмж маш их дутагдалтай байдаг. Ганцхан туяа эмчилгээний аппарат хүрэлцэхгүйн улмаас иргэд олон сараар хүлээж, олонх нь эмчилгээндээ хожимдож ордог, зарим нь эмчилгээгээ хүлээж тэсэхгүй нас бардаг юм билээ. Өнөөдөр энэ асуудлыг хөндмөөр байна” хэмээхэд сэтгүүлч Д.Анар үргэлжлүүлэн “Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч, өвс, тэжээлийн үнэ харилцан адилгүй өссөн гэнэ. Өвс, тэжээлийн үнэ ханш болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл бэлтгэвэл цагаа олох байх гэж бодлоо” гэв.

 

Түүний хажууд сууж байсан сэтгүүлч Б.Уранчимэг “Замын хөдөлгөөний дүрмээ мэддэггүй, мэдсэн ч баримталдаггүй жолооч олон байна. Жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж замын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсэж байгаа асуудлыг хөндвөл зүгээр болов уу” гэв. Ийн сэтгүүлч тус бүр бодож, төлөвлөж ирсэн сэдэв санаагаа хэлж, ямар өнцгөөс, хэрхэн мэдээллээ бэлтгэх талаар ярилцаж, албаны даргатайгаа зөвлөлдөөд, сэтгүүлч тус бүр 3-4 сэдэв аваад хурал өндөрлөв.

 

Хурлын дараах хэдхэн минутад сэтгүүлчид тал тал руу утас цохиж, эх сурвалжуудтайгаа уулзахаар цаг, газар товлохоос эхлээд завгүй бужигнацгаах юм. Тал талд “ТВ9 телевизийн сэтгүүлч тэр байна...” гэх яриа өрнөж байснаа зураглаачдаа дагуулаад яаран гарч одоцгоолоо. Тэд “14:00 цаг гэхэд ирээд мэдээллүүдээ бэлтгэж, эртхэн бэлэн болгоно шүү” гэх даалгавар албаны даргаасаа “нэмж” аваад явцгаалаа.

 

 

10:00 цаг

“Таны телевиз” уриатай TВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр үзэгч, хэвлэл мэдээллийн салбарт хэдийнээ байр сууриа дархалсан мэдээллийн орон зайн тод өнгө болсон хөтөлбөр билээ. 20 жилийн түүхтэй энэ редакцын гал тогооноос үе үеийн сэтгүүл зүйн салбарын түүчээ болсон сэтгүүлчид төрөн гарсныг онцлох хэрэгтэй. Өдгөө залгамж халааг нь залуу сэтгүүлчид, уран бүтээлчид нэр төртэй үргэлжлүүлж, мэргэжлийн, ёс зүйтэй чамбай редакцыг бий болгон Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн өнгө аясаар ялгарч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Өглөөний шуурхай эхлэхтэй зэрэгцээд л өрөөнийх нь суурин утас хангинаж, иргэд бэлтгэсэн мэдээ мэдээллийнх нь талаар лавлан асууж, өөрт тулгамдсан асуудлуудаа “тоочих” нь тэднийг үзэгчдийн итгэлт, хүлээлт үүсгэсэн мэдээлэл бэлтгэдэг гэдгийг бэлхнээ илчилнэ. Үүнээс гадна ТВ9 телевиз 21 аймаг дахь инфо сэтгүүлчдээрээ дамжуулан Монгол орны өнцөг булан бүрээс мэдээ мэдээлэл цуглуулан, түгээж байна.

 

  Б.Ариунтуяа:ТВ9 ТЕЛЕВИЗ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

 

 

Телевизийн салбарт үзэгчдийн хүлээлтэд хүрсэн мэргэжлийн редакцыг удирдан чиглүүлж, ул суурьтай мэдээлэл бэлтгэх баг, хамт олныг удирдана гэдэг хэн бүхний хийж чадах ажил биш. Энэ ч хэрээр цаг наргүй, хариуцлагатай, мэдрэмж, мэдлэг, хурд шаардсан чухал алба. Тэгвэл энэхүү яггүй ажлыг төвөггүйхэн гүйцэтгэж буй ТВ телевизийн мэдээний албаны дарга Б.Ариунтуяа хэмээх шавилхан бүсгүйтэй сэтгүүлчдийг нь эзгүй хэсэгхэн хугацааг ашиглан ярилцлаа. Тэрээр “Нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэх зарчмаар баг, хамт олноо чиглүүлдэг” гэдгээ ярианы эхэнд онцолж байсан юм.

 

-Үзэгчдийн дунд 20 жилийн түүх бүтээсэн ТВ9 телевизийн мэдээний алба залуу сэтгүүлчдээр хүч сэлбэсэн байна. Та энэ хариуцлагатай албыг хашаад удаж байна уу?

 

-Би ТВ9 телевизэд 2013 оноос ажиллаж, мэдээний албаны даргаар 2019 оны тавдугаар сараас хойш ажиллаж байна. Үүнээс өмнө "Нийгмийн толь" сонинд ажиллаж байлаа. Миний хувьд мэдээний албанд 14 жил тасралтгүй ажиллажээ.  Сэтгүүл зүйн салбарт боловсон хүчин тогтвортой биш болсон нь аль ч редакцын тулгамдсан асуудал болж байгаа байх. Гэхдээ залуу боловсон хүчнээ өөриймшүүлж, сургаж, бэлтгэж авах нь бидний үүрэг, хариуцлага болоод байна. Ингэхдээ тухайн мэдээний редакцын онцлог, бодлого, сэтгүүл зүйн зарчмыг сайн ойлгуулж, мэдрүүлэх нь чухал. 

 

 

-Танай албаны өглөөний шуурхай ажил хэрэгч, халуун уур амьсгалтай болдог юм байна. Эндээс л тэр өдрийн ажлын үр дүнгээ харж болохоор санагдлаа. Энэ тухай сонирхуулаач?

 

-Өглөөний шуурхайгүйгээр тухайн өдрийн ажлыг зураглах боломжгүй. Шуурхай дээр тухайн өдөр ямар мэдээ, сурвалжилгыг чухалчилж, ямар өнцгөөр гаргах вэ гэдгийг ярилцахгүйгээр сэтгүүлчдээ мэдээнд гаргах асуудал бол мэдээллийн албанд байж болшгүй зүйл. Өглөөний шуурхайгаа сайн хийж чадвал тухайн өдрийн ажлын 50 хувийг нугална гэсэн үг. Өмнөх өдрийн мэдээ, сурвалжилгаа ямар болсныг ярихгүй өнгөрүүлнэ гэдэг бас байж боломгүй зүйлсийн нэг. Сэтгүүлч юун дээр алдсан, түүнийгээ яаж сайжруулах ёстой вэ гэдэг ажил хэрэгч шүүмж байж байж мэдээ, мэдээлэл чанаржиж, сэтгүүлч өсөж, хөгждөг.

 

-ТВ9 телевизийн Мэдээний албаны бусдаас ялгарах онцлог юу вэ?

 

-Манай телевизийн хувьд үндэсний гэгдэх томоохон телевизүүдийн нэг. Орон нутагт олон үзэгчтэйгээс гадна орон нутгийн сэтгүүлчдээрээ дамжуулан Монгол орны өнцөг булан бүрээс мэдээ мэдээллүүдээ бэлтгэдэг. Мөн мэдээллийн хөтөлбөрөөс гадна долоо хоног бүр “Анализ тойм” хөтөлбөр, “Ярилцъя л даа”, “Хэлэлцүүлэг” зэрэг нэвтрүүлгээр дамжуулан нийгэмд асуудал дагуулсан сэдвүүдийг мэргэжлийн хүмүүстэй хэлэлцүүлдгээрээ онцлог.

 

Бид иргэдийн, нийгмийн бүх асуудлыг хөндөж гаргахыг, дуу хоолой нь болохыг зорьдог. Хэвлэл мэдээллийн салбар хэн нэгэн бүлэглэлийн үгийг шууд дамжуулах биш нүднээс далд буй учир шалтгааныг шинжлэн судалж, эрэн хайж, үнэн мэдээллийг хүргэх нь чухал. Монголд Улсад юу өрнөж байна вэ, сэтгүүл зүй тэнд ямар үүрэг гүйцэтгэж ажиллах ёстой вэ гэдэг гээд төвлөрч ажиллах үүрэгтэй. Бидний гол зарчим бол нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих. Мөн улс төрчдөөс хариуцлага нэхэж, шударга байхыг шаарддаг. Хүний эрх хаана зөрчигдөж, улс оронд юу тулгамдаж байна вэ гэдгийг сурвалжлан эх сурвалжуудаар бататган үзэгчдэд хүргэх нь чухал. Тэнд сэтгүүлч ажиллаж, сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэж байх ёстой. Тиймдээ ч бид  шударга үнэний дуу хоолой гэсэн уриаг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. 

 

 

 -Таныхаар ёс зүйтэй сэтгүүлч гэж хэнийг хэлэх вэ?

 

-Бид иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа. Хүмүүс сэтгүүл зүйн салбарыг онолгүй, дүрэм, журамгүй мэтээр ойлгодог болжээ. Гэтэл дүрэм, журамтай, онолтой бүхэл бүтэн салбар шүү дээ. Иргэд сошиал медиа, сэтгүүл зүй хоёрыг ялгаж ойлгох нь чухал. Сүүлийн үед нэг талын эх сурвалжаас яриа авч, түүнийгээ хурдтай дамжуулдаг байдлаа сэтгүүл зүй гэж ойлгодог хэсэг бүлэг бий болсон. Энэ нь нийгэмд сэтгүүлчдийн, сэтгүүл зүйн талаар ташаа ойлголт өгч байгаа нь харамсалтай санагддаг. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, мэдээллээ ёс зүйтэй дамжуулах нь сэтгүүлчийн үүрэг. Тухай үйл явдлыг хэн ямар өнцгөөр, яаж гаргах вэ гэдэг нь сэтгүүлчийн ажил. Түүнээс биш хэн хурдан байх нь сэтгүүлчийн ажил биш гэдгийг анхаараасай гэж боддог. Тиймээс бид шуурхай болгон дээрээ “Сэтгүүлч мэдээлэл дээрээ тэнцвэртэй байдлыг хангаж чадсан байна уу, сэдэв, агуулгаа зөв гаргаж чадав уу, гаргах гэсэн өнцөг нь аль байв” гэдгээ онцгойлон ярилцдаг. Ингэж байж дөнгүүр, мөлжүүртэй, бодсон, сэтгэсэн, бусдаас өөр, оюун санаагаа зориулсан мэдээ, сурвалжилга гарна гэж боддог.

 

 Сэтгүүлчид мэдээний редакцын амин сүнс. Тэд өглөөний шуурхайгаас үйл явдлын мэдээ мэдээллээ бэлтгээд “шүүс”-ийг нь шахсан мэдээ, мэдээлэл үзэгчдэд хүргэх гэж завгүй ажиллана. Гэхдээ үүнийгээ юман чинээнд тооцохгүй. Баримт, мэдээлэлд дарагдах тусмаа, завгүй ажиллах тусмаа жавхааждаг хүмүүсийг сэтгүүлчид гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Иргэдийн мэдэх эрхийн төлөө цаг, завгүй ажиллаж буй ТВ9 телевизийн мэдээний албаны сэтгүүлчидтэй сэтгүүлчийн ёс зүй, редакцын бодлогынх нь онцлогийн талаар ярилцлаа.

 

 

СЭТГҮҮЛЧ Б.УРАНЧИМЭГ “Би өдөр тутмын Өдрийн сониноос ажлын гараагаа эхлүүлсэн. ТВ9 телевизэд ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Телевизийн сэтгүүлчээр ажиллах нь хариуцлагатай, шуурхай байдлыг шаарддаг. Биднийг манай албаны дарга маш сайн чиглүүлж, зөвлөдөг учраас баргийн зүйлд барьц алддаггүй. Миний хувьд өдөр тутмын сонинд ажиллаж байсан учраас сэдвийнхээ агуулгыг давгүй гаргачихдаг. Харин дүрстэй ажиллах, хоолой унших дээр дутагдалтай байсан болохоор анх хоолой уншдаг өрөөнд “өнждөг” байлаа. Хичээж, суралцсаар байгаад арга барилаа олж авсан. Телевиз бол багийн ажиллагаа гэдгийг байнга санаж явдаг. Манай зураглаач нар олон жил ажилласан туршлагатай учраас бидэнд сайн зөвлөдөг. Ингэж л бидний хамтын бүтээл орой бүр олон нийтэд хүрдэг” гэлээ.

 

 

СЭТГҮҮЛЧ М.УЯНГА “Би сэтгүүлчээр ажиллаад 10 гаруй жил болсон байна. ТВ9 телевизийнхээ Мэдээний албанд нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг. Сэтгүүлчийн эх сурвалжаа сонгосон, баталгаажуулснаас нь л хэр хэмжээний ёс зүйтэй сэтгүүлч вэ гэдэг нь харагддаг гэж боддог. Мэргэжлийн редакцын гол ялгаа нь олсон, өрнөж буй үйл явдал, эх сурвалжаас өгсөн мэдээллүүдээ редакцын сэтгүүлчид дунд хэлэлцүүлж, зөв, бурууг нь шүүж, хэрхэн ажиллахаа ярилцаж хийж байгаа явдал шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг хүний толгой, харах өнцгөөр биш, олуулаа ярилцаж, гарц гаргалгааг хамтдаа эрж, илүү бүтээлч, эрэл хайгуулчаар нийтийн эрх ашигт нийцүүлж мэдээллээ бэлтгэнэ гэсэн үг” гэв.

 

 

СЭТГҮҮЛЧ Д.АНАР “Сургуулиа төгсөөд ажилласан анхны редакц маань ТВ9 телевиз. Манай хамт олон залуу сэтгүүлчдийг чиглүүлж, зааж сургахдаа чин сэтгэлээсээ ханддаг. Мөн мэдээлэл, баримтаа олон талын эх сурвалжаар баталгаажуулан бэлтгэхийг өдөр бүр сануулдаг болохоор энэ нь бидний ажлын нэг болж чадсан гэж болно. Ер нь үүнээс л редакцын бодлого эхэлдэг болов уу. Миний хувьд бэлтгэж байгаа мэдээгээ өөрөө үзэгч, иргэний хувиар үзэхэд хэр ойлгомжтой, тодорхой, шинэ санаатай байх вэ гэж бодож мэдээллээ бэлтгэхийг хичээдэг” гэлээ.

 

 

ЗУРАГЛААЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ: Би 2008 оноос хойш ТВ9 телевизийн зураглаачаар ажиллаж байна. Студийн зураглаачаас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Удалгүй спортын зураглаач болж, хамгийн анх 1000 дааганы уралдааныг бичиж байсан. Даргаасаа “Морь нэг л уралдана, машин дотроосоо хариуцлагатай бичнэ шүү” гэдэг даалгавар авч байсан. Бүх нийтийн хурлаар “Маш сайн дүрс авсан байна” гэдэг магтаал сонсох хамгийн сайхан байсан. Одоо харин Мэдээний албаны зураглаачаар ажиллаж байна. Зураглаачид сэтгүүлчтэй яг адилхан хариуцлагатай, нягт нямбай ажиллах үүрэг хүлээдэг. Үйл явдлыг ямар дүрсээр, хэрхэн, яаж авах вэ гэдгээс тухайн мэдээ амь ордог. Иргэд, үзэгчдийн итгэл, үнэмшлийн хамгийн чухал тулгуур нь дүрс байдаг учраас зураглаачид алдах, буруу тооцоолох эрх байдаггүй. Телевизийн амин сүнс бол дүрс, дүрс бас дахин дүрс. Зураглаачид хариуцлагатай, мэдрэмжтэй байхаас тухайн телевизийн, албаны чансаа, өнгө төрх тодорхойлогддог гэж боддог. Зураглаачдын хувьд ямар дүрсийг цацаж болохгүй вэ, ямрыг нь бүдгэрүүлэх вэ гэдгээс ёс зүй нь харагддаг. Телевизийн уран бүтээл бол хамтын ажиллагаа учраас сэтгүүлч, эх сурвалж, баримт гээд бүгдтэй нь л хамтрах үүрэг хүлээдэг дээ” гэв. 

 

 

ЗУРАГЛААЧ Т.ДӨЛМАНДАХ: Би ТВ9 телевизэд ажиллаад хоёр жил болсон байна. Оюутны гуравдугаар дамжаанаасаа цалинтай дадлагажигчаар ажиллаж эхэлсэн. Мэдээ бол хариуцлагатай, хурдтай, мэдрэмжтэй ажиллахыг шаарддаг чухал алба. Тэр тусмаа эрэн сурвалжлах мэдээ мэдээллээс зураглаачийн ур чадвар ихээхэн хамаардаг. Тиймээс хариуцлагатай байх шаардлагатай. ТВ9 телевизийн үе үеийн туршлагатай, түүчээ болсон зураглаачдаас суралцаад явж байна” гэв.

 

14:3цагаас тус албаны танхимд компьютерын товчлуур тасралтгүй тачигнах ажээ. Бичиж, боловсруулж дууссан мэдээ, сурвалжилгаа албаны даргадаа хянуулах, дахин засварлах, өөрөө дахин дахин унших, нягтлах гээд ТВ9 телевизийн Мэдээний албаныхан амсхийх ч завгүй ажиллана. Тэд Монголын ирээдүйг гэрэлтэй, амар амгалан, шударга байхад мэргэжлийн сэтгүүлчийн хувь нэмрээ оруулахаар ийн наран мандахаас, жаргах хүртэл эрж, хайж, бичиж, сурвалжилж байна.

 

19:00 цаг гэхэд “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр Монгол орон даяар цацагдаж, хэдэн цаг толгой өндийх завгүй гүйлдсэн сэтгүүлчид сая нэг сэхээ авч редакцаар нэг инээд, дуу шуу болцгооно. ТВ9 телевизийн галын шугамынхан камераа мөрлөж, микрофоноо барьсаар иргэдийн мэдэх эрхийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байна. 20 жилийн түүхт ТВ9 телевизийн мэдээний редакцаас үе үеийн сэтгүүл зүйн түүчээ, уран бүтээлчид төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: Ergelt.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.