“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцаа” сургалт боллоо

“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцаа” сургалт  боллоо

Энэхүү сургалтыг 11 дүгээр сарын 24-ний өдөр “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, Жендэрийн үндэсний хороотой хамтран зохион байгууллаа. 

 

Тус сургалтад төрийн байгууллагын 38 мэргэжилтэн оролцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг эзэмших зорилгын дор нэгдлээ.

 

Төрийн байгууллагын олон нийттэй харилцах мэргэжилтнүүд шийдвэр гаргах түвшин дэх аль аль хүйсийн төлөөллийг оролцуулах хэвлэл мэдээлэлд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, tentsuu.mn  платформтой хамтдаа хөгжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу хэвлэл мэдээлэлтэй харилцах олон улсын арга зүйг мөрдлөг болгон салбартаа хэрэгжүүлэхэд суралцлаа.

 

Уг сургалтад оролцсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хэвлэлийн төлөөлөгч Э.Сайнзаяа сургалтын үр өгөөжийн талаар дүгнэхдээ “Энэ удаагийн сургалтад хамрагдсанаар жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцааны тухай цэгцтэй ойлголт мэдлэгтэй боллоо. Сургалтын үеэрх дадлага ажлууд сонирхолтойгоос гадна өдөр тутамдаа бидний анзаардаггүй сэдэв агуулгыг хөндөж, шинэлэг мэдээлэл өгсөнд баяртай байна.” гэв.

 

Харин Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Нямгэрэл “Энэ сургалт нь жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх тухай цаг үеэ олсон сургалт боллоо гэж үзэж байна. Сургалтаас авсан шинэ мэдээлэл, мэдлэг агуулгаа улам бүр баяжуулж байгууллагынхаа мэдээлэл харилцаанд хэрэгжүүлэх, мөн хамтран ажиллагсдадаа “жендэрийн мэдрэмжтэй” харилцааны соёлыг түгээж ажиллах болно.” гэж хэллээ. 

 

Цаашид сургалтад оролцогчдын дунд сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөр зарлах бөгөөд тэд улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилго бүхий сошиал медиа нөлөөллийн ажлыг зөвлөх багш нартай хамтран хэрэгжүүлнэ.

 

Энэхүү сургалтыг НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.