Орон нутгийн сэтгүүлчдэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

Орон нутгийн сэтгүүлчдэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

“Ерөнхийлөгч ба сэтгүүлчид” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөгөөн 2024 оны 02-р сарын 21-23-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Энэхүү уулзалтын хүрээнд орон нутгийн сэтгүүлчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж, Монгол Улс дахь хүний эрхийн түгээмэл зөрчлүүд, түүнтэй тэмцэх арга замууд, Ард иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын баталгаа, Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт,  Байгал орчин, аялал жуулчлалын салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны 20 жилийн ой угтсан ажлууд, Үндсэн хууль-100 жил зэрэг сэдвээр илтгэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

 

 

Уулзалт, зөвлөгөөний үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн зөвлөл, үйл ажиллагааны ололт амжилт, бэрхшээл” сэдвээр илтгэл тавьж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үүсэл, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэрэгжилт, иргэний гомдол хүлээн авах, барагдуулах үйл ажиллагааны тухай, ХМЗ-д ирсэн гомдлын агуулга, шийдвэрлэсэн байдал, мөн байгууллагын хэрэгжүүлж  буй төсөл хөтөлбөр, мэдээлэл сурталчилгааны ажлын талаар танилцуулж, оролцогчдод мэдээлэл өглөө. 

 

Тэрээр тус илтгэлдээ ХМЗ-ийн 9 жилийн үйл ажиллагааны ололт амжилт, анхаарч ажиллах асуудлуудын талаар ярихдаа ХМЗ-ийн тасралтгүй үйл ажиллагааны дүнд  Гомдол хүлээн авах, барагдуулах механизм тогтворжиж, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулж,  иргэдийн ёс зүйт сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдахын сацуу ХМЗ-ийн үйл ажиллагаа нь Төв Ази, Зүүн Европын бүс нутагт сайн туршлага болж байгааг онцлов.  

 

Цаашид ХМЗ нь Ёс зүйн хорооны шийдвэрийг хэрэгжүүлж, мэргэжлийн алдаа гаргасан редакцуудыг залруулга гаргуулах зэрэгт уриалж ажиллах,  гомдол гаргагчдад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг таниулан сурталчлах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ёс зүйтэй сэтгүүл зүйг түгээн сурталчлах ажлыг эрчимжүүлж, байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгааг хэллээ. 

 

Энэхүү уулзалтаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургалч байдлыг бий болгох зэрэг Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон үзэл санааг хэрэгжүүлэхэд орон нутгийн сэтгүүлчид манлайлан, хамтран ажиллах хүсэл сонирхол, боломж байгааг оролцогч талууд илэрхийлсэн юм. 

 

“Ерөнхийлөгч ба сэтгүүлчид” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөгөөнийг МУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо хамтран зохион байгуулсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.