“Хамтдаа цэг тавья” аянд нэгдлээ

“Хамтдаа цэг тавья” аянд нэгдлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл “Хамтдаа цэг тавья” аянд нэгдэн олон нийтийн суурь боловсролыг бэхжүүлэх зорилгоор 35 дахь удаагийн номын баярт оролцож, Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол, ХМЗ-ийн үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүйн зарчмын талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

 

 

Тухайлбал, ХМЗ-д хэрхэн гомдол гаргах, гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг болох, өөрийн зохицуулалтаар дамжуулан хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг дэмжих тухай биечлэн танилцуулж, эдгээрийн талаар тайлбарт цуврал видео нэвтрүүлгүүдийг түгээж, олон нийтэд зориулсан гарын авлага, сэтгүүлч, редактор, редакцуудад зориулан боловсруулсан сэтгүүл зүйн мэргэжлийн ажиллагааны удирдамжийг түгээсэн юм.

 

Тодруулбал, уншигч, үзэгч, сонсогч нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийг олон нийтэд цацагдсанаас хойш 90 хоногт багтаан гомдол гаргах боломжтой. ХМЗ нь 2015 оноос 2023 оныг дуустал нийт 555 өргөдөл гомдлыг хүлээн авч, 54 удаагийн Ёс зүйн хорооны хурлаар нийт гомдлын 59 хувийг шийдвэрлэж, тус шийдвэрийн 74 хувьд ёс зүйг зарчим зөрчигдсөн гэсэн дүгнэлт гарсан юм.

 

 

Мөн үеэр ХМЗ, "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс жендэрийн хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог илэрхийлсэн "Мэдрэмжтэй мэдээлье" гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна.

 

"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдэл нь жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүлч, редакторуудын мэдлэг, ур чадвараа сайжруулах, харилцан туршлага солилцох, салбартаа манлайлах, уншигч, үзэгчдийнхээ итгэлийг хүлээх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой.

 

Тус нэгдлийн Виртуал редакцын сэтгүүлчид болон Менторшип хөтөлбөрийг оролцогч редакцууд улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлын хөндсөн, нийгэм дэх хэвшмэл буруу ойлголтыг халахад чиглэсэн 251 бүтээлийг сүүлийн нэг жилд гаргажээ. Та бүхэн tentsuu.mn платформын мэдээллийн сан цэсэд нэвтэрч бүтээлүүдийг уншаарай.

 

Номын баярын эдгээр өдрүүдэд Хэвлэл мэдээллийн зөвлөл 500 гаруй хүнд хүрч ажилласан билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.