“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” семинар боллоо

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” семинар боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал” семинарыг 5 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус семинарыг нээж Монгол Улс дахь Японы ЭСЯ-ны дэд тэргүүн Кикүма Шигэрү, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн УЗ-ын дарга У.Тамир нар үг хэлэв. Оролцогч талууд, хуульч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ардчилсан нийгэмд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, хэвлэл мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл олж авахад саад болж буй саад бэрхшээлийг тодорхойлон, гарц шийдлийг талаар хэлэлцэж, илтгэл мэдээлэл, санал бодлоо солилцсон юм.

 

 

Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Б.Болорсайхан 2003 оноос хэрэгжиж буй Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, хэвлэл мэдээллийн үндэсний бодлогын хүрээг танилцуулсан бол Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал ба ёс зүй” илтгэлдээ Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хараат бус, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын хувьд Зүүн өмнөд Азийн бүс нутагт сайн туршлага болж буйг онцлохын сацуу, хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй  зарим асуудлын талаар ярилаа.  

 

 

Үргэлжлүүлэн, хэвлэл мэдээллийн салбарын эргэн тойрон дахь хууль эрх зүйн орчны асуудлаар МУИС-ийн Хуулийн сургуулийн багш С.Бат-Орших, “Үзэл бодлоо илэрхийлэх ба хязгаарлах хуулийн төслүүд” сэдвээр судлаач, доктор Б.Болормаа  нар тус тус илтгэл тавьсан юм. 

 

 

NHK-ийн захирал асан Сато Тошиюки, ЖАЙКА-гийн ахлах зөвлөх Хашимото Кэйичи нар нь илтгэлдээ Япон зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарт өрнөж буй асуудал, шийдлийн жишээг танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрд, тэр дундаа ардчилсан орнуудад өрнөж буй “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах” асуудлын талаар мэдээлэл өгсөн бол НҮБХХ-ийн Засаглалын бодлогын төвийн Мэдээллийн шударга байдлын мэргэжилтэн Зана Идриси “Мэдээллийн бохирдол” сэдвээр видео илтгэл тавьсан юм. Түүнчлэн, үдээс хойших хэлэлцүүлэг “Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийг хэрхэн дэмжих вэ?” сэдвийн хүрээнд болж өрнөв.

 

 

Энэхүү семинарт Хэвлэл мэдээллийн салбарын болоод НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, IDLO, Японы Элчин сайдын яам, Авлигатай тэмцэх газар, Харилцаа Холбооны газар, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол улсын ерөнхий прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, Хууль зүйн хүрээлэн, МУИС, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын 60 орчим төлөөлөл оролцлоо.   

 

  Гэрэл зургийн эх сурвалж: UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.