“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумд оролцлоо

“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумд оролцлоо

Жендэрийн үндэсний хорооноос Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг есдүгээр сарын 16-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. 

Форумын үеэр 

  • Улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр,

  • Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендэрийн тэгш байдлыг хангах, сайн туршлага,

  • Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлал, сайн туршлага,

  • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагаа

гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг болж, оролцогчид хууль тогтоомжийн хэрэгжилт, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэх зорилгоор хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын асуудалд анхаарсан сэдвүүдийн талаар хэлэлцсэн юм.

Уг форумын эмэгтэйчүүдийн улс төрийг оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагаа панел хэлэлцүүлэгт ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож Мэдрэмжтэй мэдээлье нэгдлээр дамжуулан хэвлэл мэдээлэлд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэвшмэл ойлголтоос ангид хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгүүл зүйн бүтээлд ёс зүйн зарчмаа чанд мөрдөж ажиллах чиглэлд хийсэн ажлууд, амжилт ололт, сургамжаасаа хуваалцлаа. 

Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл нь мэдээллийн агуулга дахь хүйсийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

 “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” форумд УИХ-ын гишүүд, яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах болон холбогдох албан тушаалтан, ИТХ-ын төлөөлөгчид, баруун бүсийн Завхан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг болон бусад аймгийн салбар, салбарын манлайлагч 500 эмэгтэй төлөөлөл оролцсон байна. 

КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үндэсний хэмжээний уг форумыг зохион байгуулсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.