“Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц нь "Орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад намуудын манлайлал" сэдвийн хүрээнд нийт МҮОНР, Eagle.mn, Graph.mn, Unnu.mn, Архангайн амьдрал сонин “Өнөөдөр” сонин, Дархан-уул аймаг, Ховд аймгийн сэтгүүлчдээс нийт 15 бүтээл хүлээн авлаа.
Шилдэг бүтээлийн эздийг есдүгээр сарын 25-ны өдөр виртуал редакцын ээлжит вебинарын үеэр танилцуулав.
Энэ удаа МҮОНР-ийн тоймч Ж.Золзаяа, Eagle.mn сайтын сэтгүүлч, О. Эрдэнэчимэг, Дархан-Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэл нар шалгарлаа.
Орон нутагт эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад улс төрийн намуудын амлалт, манлайллын асуудлыг сурвалжилсан тухай тэднээс тодрууллаа.
Eagle.mn сайтын сэтгүүлч, О. Эрдэнэчимэг
Нэр дэвшигчдийн хүйсийн квотыг УИХ-ын сонгуулиар 30 хувь болгосон. Үүний үр дүнд парламентад сонгогдсон эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувиас 25 болж, ардчилсан Монгол Улсын түүхэн дээд түвшинд хүрсэн. Гэвч ИТХ-ын сонгуульд намууд нэр дэвшигчдээ дэвшүүлсэн байдлыг харвал хүйсийн тэнцвэртэй байдал хангагдахгүй нь нэгэнт тодорхой болсон. Хэрвээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан бол өнөөдөр бид ийм дүр зурагтай сууж байхгүй байлаа. Эмэгтэйчүүдийг л сонгох гээд зүтгээд байгаа хэрэг биш шүү. Хүйсийн тэнцвэртэй оролцоог хангаснаар төрийн бодлого шийдвэрт нийт иргэдийн эрх ашгийг тусгаж, амьдралын чанарт эергээр нөлөөлдөг гэдгийг дэлхий дахинаа олон бодит түүх гэрчилж, судалгаагаар ч энэ нь харагдаж байна.
Дархан-Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэл
Орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь шат ахих тусам багасан хумигдаж байдгийг анзаарсан. Угтаа бол орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд заяагддаг нарийн чимхлүүр мэдрэмж, ур ухаан хэрэгтэйг иргэд онцолж байсан. Иргэд эмэгтэй төлөөлөгчийг дэмжихийг хүсдэг ч кувот нь "шогийн" тул бодлогын түвшинд л анхаарах цаг нь ирсэн юм билээ.
МҮОНР-ийн тоймч Ж.Золзаяа
Хуулийн заалт ярьж хойш суухаас ичих хэрэгтэй. Бүсгүйчүүдийг дэмжих, хүйсийн төлөөллийг ойртуулах олон боломж хуулийн гадна байгааг улс төрийн намууд мэддэг. Гэвч түүнийгээ ашиглахыг хүсдэггүй.