NTV телевизийн мэдээний АРД...

NTV телевизийн мэдээний АРД...

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн бие даасан байдал, ёс зүйтэй сэтгүүл зүйн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор “Редакцын буухиа”-II хамтарсан контентыг бүтээж байна.

Та долоо хоног бүр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажилладаг, таны унших, үзэх, сонсох дуртай сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг талаарх контентыг хүлээн авна уу.

 

GoGo.mn сайтын оноолт NTV телевиз. Ингээд “Бүгдийг бус чухлыг” уриатай мэдээний албаны уран бүтээлчдийн төлөөллийг танилцуулж, мэргэжлийн, ёсзүйтэй редакц хэрхэн ажилладгийг сурвалжиллаа. NTV-ийн мэдээний ард хэн, хэрхэн ажилладаг юм бол? Хамтдаа танилцъя.

 

Б.УндрахжаргалантБ.Ундрахжаргалант

НЭР:  Б.УНДРАХЖАРГАЛАНТ

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 18

-Би сэтгүүлчээр 20 орчим жил ажиллаж байна. Хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлчээр гараагаа эхлээд түүнээс хойш мэдээний хүн болсон. NTV телевизэд анх “мэдээчин” болох гэж С.Батзаяа, С.Наранбаатар зэрэг сайн сэтгүүлчийн цэрэг болон орж ирсэн, бараг 10 орчим жил мэдээнд гүйж туршлага хуримтлуулсан тул мэдээчдийнхээ жаргал зовлон, саад бэрхшээлийг их мэдэрдэг. Сүүлийн жилүүдэд би арын албаны хүн болсон гэхэд хилстэхгүй байх. Олон сэтгүүлчээ урагш түлхэж, тодруулахыг эрмэлздэг.

Би яагаад, хэзээ энэ мэргэжилд анх дурласнаа санадаггүй ч нийтийг төлөөлж, аливааг зөв шийдэлд хөтөлж чадах маш хүчтэй ажил гэж мэргэжлээ би хүндэтгэж явдаг. Сэтгүүл зүй гэхээр үндсэн зарчим, ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллах нь гарцаагүй. Үүн дээр нэмэх нь аливаад дагаж шуугиад, дараагийн шуугианд автаж мартдаг алдаагаа засах цаг болсон гэж харж байгаа. Учгийн үзүүрээс барьж авч чадсан л бол үр дүнд хүртэл хөдөлмөрлөж, санах ойтой байх нь чухал гэж боддог болсон.

Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Үүнийг ойлгодоггүйгээс хэн нэгэн элдэв ялгаварлан гадуурхалтын золиос болох эрсдэл байдаг. Ялангуяа манай улс хэвшмэл ойлголтын улмаас жендерт суурилсан хүчирхийлэл ихтэй улс гэж боддог. Эмэгтэйчүүдийн улс төр дэх манлайллыг олонх иргэд хэрхэн харж байгаа, эцэг хүний талаарх нийгэм дэх ойлголт зэргийг анзаарахад жендэрийн мэдрэмж ямар байгааг хялбархан дүгнэж болно. Тиймээс, ялгаатай төлөөллүүдийн дуу хоолойг хүргэж, олон ургалч байх үүргээ хэвлэлийнхэн бид сайн гүйцэтгэх шаардлагатай.

Редакц зорилго болгоод жендерийн мэдрэмжтэй ажиллахад үнэхээр үр дүнтэй байдаг. Бас нийгмийн байр суурь ямар байгааг хийсэн бүтээлээрээ дамжуулаад харж болно. Үүнийг ойлгох тусам нийтэд зөв нөлөөлөх, дагуулах шаардлага их харагддаг. “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах менторшип хөтөлбөрт хамрагдсан нь бидэнд мөн том хичээл боллоо.

 

Б.ТүвшинтулгаБ.Түвшинтулга

НЭР:  Б.ТҮВШИНТУЛГА

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН ПРОДЮСЕР

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 4

-Манай мэдээний алба 20 гаруй ажилтантай. Үүнээс арав нь сэтгүүлч. Олон сэтгүүлчтэй ажиллахын давуу тал нь олон ургалч санаа уралдана. Бид өглөө болгон хуралддаг. Энэ хурал дээр өмнөх өдрийнхөө бүх мэдээний сайн, мууг шигшин ярилцаж хэн, юун дээр алдав гэдгээ дүгнэнэ. Сайн мэдээ хийсэн хүнийг урамшуулна, тааруу ажилласанд нь зөвлөж, цаашид алдаагаа давтахгүй байх асуудлыг ярилцана. Ийм хурал редакц мэргэжлийн байхад чухал нөлөөтэй гэж боддог.

Салбартаа 3-4 жил ажилласан хүмүүс манай албаны гол цөмийг бүрдүүлдэг, мөн туршлагатай хүмүүс ч бий учраас бусдадаа зөвлөн туслаад бид бие биеэ хөгжүүлж ажилладаг гэж хэлж болно.

Би мэдээний албаны продюсер. Мэдээний продюсер хүн сэдэв тодорхойлж, чиглүүлнэ. Нэмээд албаныхны харилцаа, хандлага, нийгмийн асуудал, мэдээний өнгө төрх гээд л “гал тогоо”-ноос эхлээд шийдвэр гаргах түвшинд ч ажиллана. Үүнээс гадна би улстөрийн мэдээ давхар бэлтгэдэг.

УИХ-ын намрын чуулган тун саяхан нээсэн. Гол асуудал 2025 оны төсөв. Сарын өмнө Төсвийн тухай хуулийг өргөн барьсан, танилцуулсан. Төсөв дээр гишүүд ямар байр суурьтай байна, бүтэн сарын хугацаанд тэд төсөвтэйгөө танилцаж уу, үгүй юу гэдэг агуулгад анхааръя гэж бодож байгаа.

Учир, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл, тэд төсвийг захиран зарцуулах эрхэд кноп дарах ёстой хүмүүс. Гэтэл өөрсдөө ажлаа мэдэж байна уу, үгүй юу гэдэг чухал асуудал. Хуулиа ухаж төнхөж, хаана, ямар илүү, хэрэгцээгүй төсөв үрэх гээд байна вэ гэдэгт өөр өөрсдийн бодолтой, дүгнэлттэй болж уу, үгүй гэдгийг тандъя гэсэн бодолтой байна.

 

Б.УянгаБ.Уянга

НЭР: Б.УЯНГА

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН АХЛАХ РЕДАКТОР

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 4

-Би эдийн засгийн сэтгүүлч. Гэхдээ энэ долоо хоногт “гаргагч”-аар ажиллаж байна. Гурван сэтгүүлч 7 хоногоор ээлжлэн “гаргагч”-аар ажилладаг юм. Юу хийдэг вэ гэхээр, энэ 7 хоногт ямар сэдвээр мэдээ хийвэл тохиромжтой, хэн түүнийг хариуцах вэ, энэ 7 хоногийн онцлох үйл явдал юу байх вэ зэргийг тодорхойлж ажилладаг гэсэн үг. Тиймээс миний гаргагчаар ажиллах 7 хоногт хүнд хэрэгтэй, өгөөжтэй, үр дүн гарсан мэдээ, сурвалжилга цацагдаасай гэж хүсдэг дээ.

Сэтгүүлчид өглөө сэдвээ хувааж аваад мэдээндээ гарна. Гаргагч араас нь эх сурвалж хэлж өгөх, цаг үеийн мэдээлэл дамжуулах зэргээр дэмжлэг үзүүлж ажилладаг. Ингээд орой сэтгүүлчдээс headline буюу мэдээний гол агуулгыг илэрхийлэх нэг өгүүлбэрийг нь авч, агуулгаар нь дараалуулан нэгтгээд оройн мэдээний хөтлөгчдөө өгнө.

Манайх улстөрийн мэдээгээр эхлэхийг зорьдоггүй. Аль болох эрэл хайгуул хийсэн сэдвийн мэдээгээ чухалчилдаг. Мөн мэдээний албаны зорилтот сэдвүүд гэж бий. Жишээ нь, бид сургуулийн завсарлагын цагийг уртасгах, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлөл үзүүлэхүйц мэдээ, сурвалжилга бэлтгэхийг зорьж байгаа. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд цөөнгүй цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн.

Би сэтгүүлч мэргэжлээрээ 9 жил ажиллаж байна. NTV Монголын телевизүүд дотроо хүчтэй, мэдээний алба нь мэргэжлийн, ёс зүйтэй том редакц. Тиймээс 2020 онд хамт олондоо нэгдэж байлаа.

 

Ж.ДаваадоржЖ.Даваадорж

НЭР: Ж.ДАВААДОРЖ

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН ЖОЛООЧ

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 1

-Би гадаадад олон жил ажиллаад ирсэн. Ирээд хоттойгоо сайн танилцаж ч амжилгүй ажилд орчихсон. Сэтгүүлчийнхээ хэлсэн газрыг мэдэхгүй, буруу замаар ороод будлих гээд хэцүү санагдах өдрүүд ч байсан шүү. Одоо бол замаа мэднэ, төрийн байгууллагуудыг гаргахгүй болсон тул үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Өглөө ажил 09:00 цагт эхэлнэ. Түгжрэхээс өмнө гээд л эртхэн гэрээсээ гардаг. Тэгээд өдөржин л мэдээнээс, мэдээний хооронд явна даа. Өдөр бүр өөр, өөр газраар явна, хэрхэн хаагуур явбал түгжрэл бага байгаа бол гээд л ер нь өдөртөө түгжрэлтэй л шатар нүүж байна.

Мэдээж энэ хотын жолооч бүр л хаа нэг тийш яарч яваа. Гэхдээ мэдээний албаны жолооч бүр илүү яаруу явдаг гэж боддог. Сэтгүүлч нар үргэлж цагт шахагдаж, цагтай уралдаж явдаг хүмүүс шүү дээ. Хааяа сэтгүүлч нартаа санаа зовно. “За ах аа, орчхоод ирье, амжилт хүсээд хүлээж байгаарай” гээд л бууна, зарим нь. Тэгсэн өөдөөс нь мэдээлэл өгөхгүй гээд уурлана, зугтана, загнана гээд хэдэн сэтгүүлчээ яаж яваа бол гээд өмнөөс нь санаа зовох тохиолдол цөөнгүй.

 

Б.БаярцэцэгБ.Баярцэцэг

НЭР: Б.БАЯРЦЭЦЭГ

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН СЭТГҮҮЛЧ

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 2

-Аня эгчтэй (сэтгүүлч Б.Батцэцэг) 2023 оны 4-р сард томилолтод хамт явж таарсан юм. Тэр үед надад "Миний дүү NTV-д ороод ирээч" гэж анх ажлын санал тавьж байсан. Эрэн сурвалжлах нэвтрүүлэг, мэдээ, илүүрхдэг хөтлөлтүүдийг нь шимтэн үздэг хүндэлж, биширч явдаг сэтгүүлчээсээ ийм үг сонсоход сайхан байсан. Удалгүй хуучин ажлаа хүлээлгэн өгч, NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн газрын шинэ гишүүн болсон доо.

Сайтад мэдээ буулгаж, шууд дамжуулалтад явдаг байсан надад мэдээ гэдэг шинэ сорилт байсан, ажилдаа ч дурласан. Гэхдээ өдөрт 2-3 минутын гурван мэдээ бэлтгэхийн тулд бараг өдөржин "хөөцөлдөж" эхэлсэн. Манайхан өглөө бүр өмнөх өдрийн мэдээгээ ярилцаж, "халуухан" юм болдог. "Тэгсэн бол гоё болох байж, тэр их хүчтэй, сайн яриа байна билээ" гэх зэргээр сайшаана, зэмлэнэ.

Товчхондоо, өдөр тутмын мэдээ, сурвалжилгаа эх сурвалжийн тэнцвэртэй, тал талын байр суурийг хангасан, үзэгчид ойлгомжтой хүргэхийг зорьдог. Тухайлбал, цахим орчинд иргэд аливаа мэдээллийг шуурхай, нээлттэй цацахын хэрээр нөгөө тал буруутгагдах, хэт шүүмжлэлд өртөх, байр суурь нь алдагдах тохиолдол их ажиглагддаг. Тиймээс ямар ч сэдэв, үйл явдал байсан нөгөө талын байр суурийг хүргэхийг хичээдэг. Цаашид сурч, мэдэх зүйлс их учир хичээж л явна даа.

 

Б.ӨнөболдБ.Өнөболд

НЭР: Б.ӨНӨБОЛД

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН ХӨТЛӨГЧ, ЦАГ УУРЧ

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 3

-Би МУИС-ийг Цаг уурын инженер мэргэжлээр арав гаруй жилийн өмнө төгссөн. Одоо хөтлөгч, цаг уурч гэдэг албан тушаалтай,  ер нь мэргэжлээрээ л ажиллаж байна. Цаг агаарын мэдээг гар утаснаас авч болно. Гэхдээ гар утас ганцхан эх сурвалжаас буюу хиймэл дагуулын загвараас тоон прогнозоор боловсруулсан мэдээг л дамжуулж байгаа. Магадлалын хувьд 50-60 хувь, 10 мэдээний 5 нь таарах уу, үгүй юу л гэсэн үг. NTV телевизийн болон ЦУОШГ буюу цаг уурчдын гаргаж байгаа мэдээ бол олон хиймэл дагуулын мэдээг өндрийн зураг дээр боловсруулаад, хотгор гүдгэр уул зүйн нөлөөг нь ялгаад үүний дараа иргэнд мэдээлж буй юм. Тиймээс л телевизээс цаг агаарын мэдээг хүлээн авах нь зөв.

Мөн NTV телевиз Монголдоо цор ганц гэж хэлж болох цаг агаарын программтай болсон. Энэ нь бид хиймэл дагуулаас үүлний масс, цас бороо, салхины мэдээ, агаарын орны мэдээ, мөн агаарын чанарын мэдээг аваад иргэдэд танилцуулдаг болсон гэсэн үг.

Цаг агаарын хөтлөгчийн цээжинд Улаанбаатар хотын ойрын 5 хоногийн мэдээ бэлэн явахгүй бол болохгүй. Монгол орон жилийн дөрвөн улиралтай. Автомашиныхаа дугуйг солих, гэр орноо дулаалах, ургац хураалт, хадлан тэжээлээ бэлтгэх, идшээ хэзээ хийх вэ гээд бүх ахуйн ард “Цаг агаар ямар байх вэ” гэдэг асуулт дагалддаг. Тиймээс цаг агаарын мэдээ маш чухал.

 

Д.ДаяндалайД.Даяндалай

НЭР: Д.ДАЯНДАЛАЙ

АЛБАН ТУШААЛ: МЭДЭЭ, ШУУРХАЙ НЭВТРҮҮЛГИЙН ГАЗРЫН ЗУРАГЛААЧ

NTV ТЕЛЕВИЗЭД АЖИЛЛАСАН ЖИЛ: 7

-Би NTV телевизийн мэдээний албанд 2011 онд анх орж байлаа. Дунд нь ажлаасаа гараад өөр газар гурван жил ажиллаад 2021 онд буцаад ажилд орсон. Эргээд NTV-дээ буцаад орох шалтгаан нь мэргэжлийн, ёсзүйтэй гэдэг тодотгол л байсан. Автомашины нэг эд, анги л байхгүй бол хөдлөхгүй. Үүнтэй адил мэргэжлийн редакцын ажиллах зарчим нэг хүнд хэт их ачаалал үүрүүлэхгүй байхаас л эхэлнэ.

Манай мэдээний алба 5-6 зураглаачтай. Өглөө хурлын дараа хэсэг нь гарна, үдээс хойш үлдсэн нь мэдээнд явна гэх байдлаар ээлжилж ажилладаг, ингэж ачааллаа тэнцүүлдэг. Сэтгүүлч ч бай, зураглаач ч бай бид бүгд нэг л зарчимтай, энэ нь нэг эх сурвалжтай мэдээ хийхгүй. Нэг хүн өөр нэгнийг муухайгаар хэллээ, түүнийг нь бичиж авчхаад нөгөө муухайгаар хэлүүлсэн хүнээс очиж яриа авахыг л эх сурвалжийн тэнцвэрт байдал, мэргэжлийн ёсзүй гээд байгаа юм. Тиймээс манай алба нэг эх сурвалжтай бол түүнийг мэдээ гэж үздэггүй.

Би ч одоо албаныхаа хууччуудын тоонд ордог болж. Намайг зарим нь “Даянаа ах ууртай” л гэдэг юм. Би өөрт нь хэрэгтэй чадварыг л зааж, зөвлөдөг дөө.

 

NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн газрын зураглаачидNTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн газрын зураглаачид

Эх сурвалж: Gogo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.