РЕДАКЦЫН БУУХИА: Орон нутгийн дуу хоолой “Архангай медиа групп"

РЕДАКЦЫН БУУХИА: Орон нутгийн дуу хоолой “Архангай медиа групп

“Хэдүүлээ Архангай явахаар боллоо” гэсээр орж ирэх редакторынхaa араас хол замд дотор муутайгаа санаад хэсэг барайж орхилоо. Тэгэхдээ яагаад ч юм Монголын хэвлэл мэдээллийн салбарыг Улаанбаатар хотын байгууллагуудаар төсөөлж явсандаа ихэд ичиж, амьдралдаа анх удаа орон нутагт сэтгүүл зүй хэрхэн өрнөдгийг дэргэдээс нь харна гэхээс яарч байлаа. 

Бидний сугалсан энэ тохироо бусдыгаа бодвол их өвөрмөц. Хотын хэд нэгнийхээ оффисоор зочилж байгаагүй ч хийдэг, бичдэг, ярьдаг зүйлсээ мэдэлцдэг. Харин энэ удаа цоо шинээр бүр бүх юмтай нь анх удаа л танилцах гэж яваа болохоор “Аан ийм газар байх нь ээ” гэх төсөөлөл өгөхийг хүслээ. 

Долоон цаг давхиж очсон хоёр давхар байшингийн гадаа ирээд “Пөөх яасан том юм? Дотор нь ч ёстой ажил оволзож байгаа байх даа” гэсээр оров. Нэг давхрын шатны хажууд “Архангайн амьдрал сонин 20 жил” гэсэн самбарыг хараад бас л уулга алдаж орхилоо. Гэтэл энд ердөө долоон хүн л ажилладаг гэх. Эрхлэгчийг хүлээх хооронд сэтгүүлчтэй хамт цай уун ярилцах зуураа камераа асаагаагүй хэр нь тэсгэл алдаад “Телевизэд нь хэдэн хүн ажилладаг вэ?” гэхэд “Хоёр, сонинд бас хоёр” гэж хариулав. Анх төсөөлсөн шиг олон хүн байгаагүй ч продакшн өрөөнийхөө хана бүрийг нэг булан болгон тохижуулсныг, гал тогоондоо өөрсдөө хоол хийж иддэгийг, хурлын танхимдаа иргэдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг явуулдгийг мэдсэний дараа тэр хоёр давхар тийм ч эл хуль санагдсангүй.

Ингээд эрхлэгч ирж, бид яриагаа эхлүүлэв. О.Амарзаяа эрхлэгчийн хэлснээр…

Хэвлэл мэдээллийн салбарын хувьд орон нутаг маш жижиг зах зээл. Олон мэдээллийн хэрэгсэл зэрэг бойжиж, хөгжих боломж хомс. Ийм нөхцөлд салбарынхаа мөн чанарыг алдагдуулахгүй авч явахын тулд тодорхой бодлого, зорилготой байх ёстой. Анх 2005 онд аймагтаа Хэвлэл мэдээллийн төв гэх газрыг байгуулах санаачилгыг гаргаж, мэргэжлийн сэтгүүлчдээ цуглуулан нэг цэгээс гурван сувгаар мэдээллээ түгээдэг байв. Төв татан буугдсаны дараа бүтэц, ажиллах зарчмыг нь хадгалж, цааш үргэлжлүүлэхийг хүссэн учир телевиз, сонин, сэтгүүл, сайт зэргийг нэг нэгээр нээсээр 2018 онд “Архангай медиа групп” болсноо зарласан. Удахгүй бид фм-радио буюу тав дахь сувгаа нээх гэж байна. 

Аймаг, орон нутгийн сэтгүүл зүйг нутгийн бид л авч явж ажиллахгүй юм бол өөр хэн гэж гэх бодол өдийг хүртэл намайг хурцалж ирсэн.

Ийнхүү ярилцахдаа тэднийг долуулаа биш гэдгийг олж мэдэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт боловсон хүчний асуудал сүүдэр мэт дагасаар ирсэн ч Архангай медиа групп аргыг нь олжээ. Тэртээ тэргүй сэтгүүлч байхгүй байхад заавал мэргэжлийн хүн авна гэж зар тавиад, эрэлхийлээд нэмэргүй. Тэгвэл бид яаж орлуулж, хөрвүүлж болох вэ гэдгийг бодсоор сумын сурвалжлагч гэх бүтцийг бий болгосон гэв. Дээх нь үед идэвхтэн бичигч гэх хүмүүс сэтгүүлч мэргэжилгүй ч аймгийнхаа сонинд мэдээ, нийтлэл өгдөг байсан шиг Архангай медиа группт 18 сурвалжлагч ажиллаж байна. 

Манай аймгийн хамгийн алслагдсан сум аймгийн төвөөсөө 240-өөд км-ын зайтай. Бид тэр болгонд хүрч ажиллаж чадахгүй учир орон зай, цаг хугацааны хязгаарыг товчлох арга нь сумын сурвалжлагч юм. 

Архангай медиа группийн редакц жил болгон зорилтот сэдвийн хүрээнд ажилладаг. Жишээ нь, энэ оныг сонгогчдын боловсролыг дэмжих жил болгон зарлаж уг сэдвийн хүрээнд улирал, сар, долоо хоногийн төлөвлөгөө гарган агуулгаа бэлтгэж байгаа аж. Мөн тэд 2021 оноос эхлэн “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж, “Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй редакц” болжээ.  Ердөө нэгхэн жишээ нь Архангай сэтгүүлийн гол зочноо эрэгтэй, эмэгтэй гэж сөөлжлүүлдэг.  

Анх дадлага хийх гэж ирсэн газраа төгсөөд ажилд орсон гэх шинэхэн ажилтан сониныхоо макетийг гарган мэдээгээ өрөөд сууж байв. Өрөөндөө яг хоёулаа. Түүний өөдөөс эгц харан суух эмэгтэй энд ажиллаж эхлээд 11 сар болж байгаа хэдий ч тэтгэвэрт гарахаасаа өмнө НҮБ-ын хөтөлбөрүүдэд 16 жил, Английн хүүхдийн сангийн хөтөлбөрт найман жил ажиллaжээ. Тэрээр хэлэхдээ “Орон нутгийн сэтгүүл зүй дан ганц мэдээ мэдээлэл хүргэх бус иргэдийг чадавхжуулах, боловсруулах чиглэлд зорилтот ажлуудыг давхар хийх хэрэгтэй” гэдгийг онцлов.

Телевизийн сэтгүүлчийн хувьд өдөр бүр тогтмол мэдээндээ явдаг байсан ч хүний нөөцийн асуудлаас болоод тодорхой өдрүүдэд л мэдээндээ гарч үлдсэн цагт нь томоохон нэвтрүүлгүүдээ бэлддэг гэв. Сэтгүүлч Мандуулын хэлснээр “Хэвлэл мэдээллийн байгууллагууд сошиалд төвлөрч, эфир маань үнэгүйдээд, мөнгө олон хөнгөн нэвтрүүлэг хийсээр сэтгүүл зүйн үнэ цэнийг үгүй болгож байгаа энэ цаг үед орон нутагтаа залгамж халаагаа бэлдэн ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэв.

“AB” телевиз 2024 онд хангайн бүсийн телевиз болсон нь тэдний том амжилт байлаа. Өөрөөр хэлбэл Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн 58 суманд гарч байна. Улсын хэмжээнд найман бүсийн телевиз байдгийн нэг нь.

Сэтгүүлч-редактор Б.Мандуул

Эх бэлтгэгч Б.Солонго

Сэтгүүлч Р.Оюунбилэг

Найруулагч, зураглаач П.Өлзийбуян

Архангай медиа групп аймаг, сумынхаа ард иргэд, байгаль орчинд тулгамдсан асуудлаар томоохон нийтлэлүүд бэлтгэдэг ба үүний нэг жишээ нь Цэцэрлэг хотынхоо агаарын бохирдлын шалтгааныг тодруулж, буруутны тухай хэд хэдэн цуврал нийтлэл бичиж хариуд нь ажлынхаа, гэрийнхээ халаалтыг таслуулж, шүүхэд дуудагдан ялалт байгуулж байсан удаатай. Мөн хотынхоо гэрэлтүүлгийн тухай “Харанхуй хот”, бэлчээрийн доройтлын аюулаар “Их нүүдэл ба их эрсдэл” гэх мэт асуудал хөндсөн олон нийтлэл гаргажээ. 

Бие жижиг ч бэлчээр том гэдгийн адилаар хэдий цөөхүүлээ ч мэргэжлийн ёс зүйгээ баримтлан орон нутагт сэтгүүл зүйг хөгжүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: unnu.news

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.