Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар хуралдаан аравдугаар сарын 14-нд боллоо. Энэ удаагийн хурлаар 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэл, хоёрдугаар хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.

ХМЗ-өөс эхний хагас жилд иргэн, хуулийн этгээдээс редакцын бүтээлийн ёс зүйтэй холбоотой 22 гомдол хүлээн авсаны есийг Ёс зүйн хороодын хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. ХМЗ-ийн тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулахад хоёр байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав. Түүнчлэн ХМЗ-өөс орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, мөн Их Британийн ЭСЯ, ЖАЙКА олон улсын байгууллагуудтай хамтран хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх, сэтгүүл зүйн ёс зүйн талаар хамтарсан семинар, симпозиум зэргийг зохион байгуулжээ. Улирал тутам зохион байгуулдаг Редакторуудын зөвлөлдөх удаагийн уулзалтаар “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” сэдвийн хүрээнд зохион байгуулж хуульчид, редакторууд санал солилцох боломжийг хангасан зэрэг цаг үеийн чухал ажлууд хэрэгжүүлсэн талаараа танилцуулав. 

Энэ үеэр ХМЗ-өөс хэрэгжүүлж буй урт хугацааны хөтөлбөрүүд болох Европын Холбооны дэмжлэгтэй “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төсөл, КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн үйл ажиллагааны явцтай Удирдах зөвлөлийн гишүүд танилцаж цаашид үйл ажиллагааг бэхжүүлэх талаар тодорхой санал зөвлөмжийг өглөө.  

Удирдах Зөвлөлийн гишүүд Ёс зүйн хорооны шийдвэрийг редакцууд хэр хэрэгжүүлж буй талаар санал солилцоод цаашид ёс зүйн хорооноос ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн бол залруулга гаргадаг байх нь чухлыг онцлов. Иймд ХМЗ-ийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын хэрэгжилтийг эргэж харах, цаашид илүү хөгжүүлэх талд анхаарахыг зөвлөлөө. 

Энэ удаагийн хуралдаанаар Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны орон нутгийн сэтгүүлчийг төлөөлөн ажиллаж байсан гишүүн Д.Туулыг чөлөөлж, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос нэр дэвшүүлсэн Дорноговь аймгийн DTV телевизийн захирал, сэтгүүлч З.Энхзулыг  сонголоо. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.