"ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ҮЕ ДЭХ СОНГУУЛЬ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Цахим сүлжээнд үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд ихээр түгэх болсон энэ  үед сэтгүүл зүйн салбар үүний эсрэг хэрхэн ажиллах шаардлагатай байна вэ, ялангуяа сонгууль дөхөж буй энэ цагт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд юуг анхаарвал зохих вэ, мэдээллийн үнэн бодит эсэхийг хэрхэн нягталж шалгах вэ зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фредрих Эбертийн сан, Глоб Интернэшнл ТББ, Нээлттэй нийгэм форум хамтран “Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Ингэхдээ “Сонгууль ба хуурамч мэдээлэл”, “Хэвлэл мэдээлэл ба хуурамч мэдээлэл”, “Сонгогчдын боловсрол ба хуурамч мэдээлэл” гэсэн дэд сэдвүүдийн дор сонгуулийн үеийн сэтгүүл зүй, цахим сайт болон нийгмийн сүлжээний зохицуулалт, сонгуулийн үеийн нийгмийн сүлжээний мониторинг хуурамч мэдээллийг таних нь зэрэг сэдвээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тодруулбал,

  • “Хэвлэл мэдээлэл ба сонгуулиудын сургамж”, “Пакистан болон Өмнөд Азийн талаарх хуурамч мэдээлэл” зэрэг сэдвээр Пакистаны Ага Хан Их сургуулийн судлаач Зехра Абид,
  • “Сонгуулийн санхүүжилт ба худал мэдээлэл” сэдвээр Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг,  
  • “Хэвлэл мэдээлэл болон сэтгүүл зүйд хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце,
  • “2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн нийгмийн сүлжээний мониторинг” сэдвээр МУИС-ын Нийгмийн Ухааны сургуулийн захирал, доктор Б.Болд-Эрдэнэ,
  • “Цахим сайт болон нийгмийн мэдээллийн сүлжээн дэх сонгуулийн зхицуулалт” сэдвээр ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэн,
  • “Хэвлэл мэдээллийн боловсрол ба хуурамч мэдээлэл” сэдвээр Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ,
  • “Хуурамч мэдээллийг таних нь” сэдвээр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн фактчекер Ц.Тамир

нар илтгэл тавив.

Энэ үеэр ХБНГУ-ийн хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце “Сэтгүүлчид PR болон мэргэжлийн сэтгүүл зүйн хоорондын зааг ялгааг ойлгох хэрэгтэй. PR-ийн бүтээлээ мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл шиг нийтэлж, нэвтрүүлж байгаа нь мэргэжлийн сэтгүүл зүйн чанарыг бууруулахад нөлөөлж байна. Тухайн мэдээлэл үнэн бодит эсэхийг мэргэжлийн үүднээс нягталж шалгах нь сэтгүүлчийн үндсэн үүрэг. Сэтгүүлчийн ёс зүйн зарчим бол сэтгүүлч хүний мэргэжлийн амин сүнс юм гэдгийг алхам тутамдаа санах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

 

 

 

ЗУРГИЙН ЭХ СУРВАЛЖ: ФЭС 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.