“GOGONEWS” МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧМАА БАТЛАЛАА

Монгол улсад “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан олон үйл ажиллагаа зохиогдсоны нэг нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Gogonews” мэдээллийн агентлаг Редакцийн ёс зүйн зарчмаа батлан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлтэй санамж бичигт гарын үсэг зурсан явдал байв.Санамж бичигт ХМЗ-ийг төлөөлж Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир,“Gogonews” мэдээллийн агентлагийг төлөөлжтус агентлагийн Захирал Г.Гантуяа нар гарын үсэг зурж, ХМЗ-ийн Радио телевизийн ёс зүй хорооны гишүүн Ц.Чимиддондог, “Gogonews” мэдээллийн агентлагийн ерөнхий редактор О.Ариунбилэг, ХМЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Д.Баярмаа нар оролцов.

Монгол улсад хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүлзүйг бий болгохын тулд хувь нэмрээ оруулан хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудаа уриалан ХМЗ-ийн Ёс зүйн зарчим дээр тулгуурлан өөрсдийн ёс зүйн зарчмаа түүчээлэн батласан нь тун сайшаалтай хэрэг байв.

Г.Гантуяазахирал “GoGo.mn сайт байгуулагдаад найман жил болохдоо иргэдэд үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх, оюуны өмчийг дээдлэх, хараат бус байх гээд сэтгүүлзүйн зарчмаа үргэлж барьж ажиллахыг эрмэлзэж ирлээ. Өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг ёсзүйн зарчмаа ийнхүү баталгаажуулж, олон нийтэд тунхаглах болсон учир нь уншигч хэрэглэгчиддээ бодлогоо ил тод болгож байгаа нэг хэлбэр юм. Бидний өнөөдөр баталсан Ёс зүйн зарчим нь цаашдын үйл ажиллагааны явцад улам төгөлдөршин хөгжиж байх болно” гэж хэллээ.

ХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга У.Тамир хэлэхдээ ”Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Монголын сэтгүүл зүйн салбарт мөрдөгдөх Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг батлаад удаагүй байна.  Энэхүү ёс зүйн зарчмын хүрээнд өөрийн редакцийн ёс зүйн зарчмаа тунхаглаж байгаа GoGo.mn сайтын хамт олонд баяр хүргэж, энэ жишгийг нэвтрүүлэхийг нийт редакцууд, сэтгүүлчдээ уриалж байна. Ёс зүйн зарчим бол хэвлэл мэдээллийн мэргэжлийн хэм хэмжээ бөгөөд ёс зүй л энэ салбарт зөв хандлагатай, эрүүл сэтгүүл зүй хөгжих боломжийг бий болгоно” гэж онцлон тэмдэглэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.