Монгол Улс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг онцгой нөхцөл байдалд, олон сорилтын дунд хийх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний үндсэн буюу жам ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжтой нөхцөлд ард иргэд улс төрийн сонголтоо бүрэн дүүрэн, итгэл төгс хийж чадна. Иймд цар тахлын үеийн чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн үйл явцад ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН үүрэг, хариуцлага үлэмж их юм.